Дуу хөгжмөөр дамжуулан, урлагийн салбарт аливаа шинийг хийж бүтээж, өөрсдийн цаг зав, хүсэл тэмүүллээ зориулж яваа залуус үргэлж хайр татам, бахархам санагддаг. Магад өөр юунд ч зүрх сэтгэл, цаг заваа зориулж болох байсан ч хөгжим, мэдрэмж, түүгээр дамжих хайр, түүхийн төлөө урагш тэмүүлнэ гэдэг хамгийн үзэсгэлэнтэй ажлуудын нэг гэж санагддаг. “Бага тойрог“ гэхээр нэрэн доор нэгдэн цугласан залуусыг харахад, хэсэгхэн хугацааг хажууд нь өнгөрүүлэхэд холдмооргүй, магадгүй цааш нэг хэсэг нь болж үргэлж хамт баймаар дотно мэдрэмж заавал төрнө.

Тун удахгүй хийж бүтээсэн их ажил хөдөлмөрийнхөө эхний томоохон сорилтыг давж, үр дүнг нь үзэхээр тоглолтоо төлөвлөн завгүй суугаа залуусын хийж бүтээж буй бүхэнтэй та бүхнийг танилцуулах зорилгоор Хамтран үүсгэн байгуулагчид болох Б.Болдбаатар, Ц.Тэгшбаяр нартай хийсэн энэхүү ярилцлагыг сийрүүлэн хүргэж байна. Долоо хоног бүр цацагдан хүрдэг сэтгэл хөдлөм live-session бүрийг хүлээн үздэг үзэгч, дуу хөгжимд хайртай хэн бүхэнд зориулав.
ЭНД дарж тэдний инстаграм, ЭНД дарж фэйсбүүк хуудсыг дагахаа мартуузай. Мөн мэдээж YouTube сувгийг нь заавал дагаж, гайхалтай дуу хөгжмүүдийг хүлээн авч сонсоорой.

Гэрэл зургуудыг: Г.Ананд
- Бага тойрог live session-ийг анх хийх болсон үүдэл шалтгаан юунаас урган гарсан бэ?
- Хамгийн анх хамтдаа Coldplay-ийн тоглолтыг үзэхээр явсан үеэс эхэлсэн гэхэд болно. Тэр үед бид хоёр Тайландад, нэг орой тухтай амарч байхдаа нэлээд зүйл ярилцаж, яг юу хийж бүтээхийг хүсэж байгаагаа хуваалцсан. “Монголд яг юу үзэж, сонсож, мэдэрмээр байна вэ? Бидэнд юу дутагдаж байна вэ?” гэх мэт асуултууд бидний бодолд эргэлдэж байсан. Тэр дундаас "Нээрээ, live-session хийвэл гоё юм биш үү?" гэсэн санаа төрсөн.

Анх бид энэ төслийг бодож байхдаа ердийн бичлэг хийгээд, дараа нь эвлүүлж, цэгцэлж гаргах биш, харин бүх мэдрэмжийг яг амьд, бодит, байгаагаар нь хүргэхийг хүссэн. Камерын өмнө зориулж биш, харин жинхэнэ мэдрэмжийг нь буулгаж, хуваалцъя гэж бодсон. Студид бичиж, дараа нь засах биш, тухайн орчиндоо, яг тэр мөчид амьд хөгжим, амьд уур амьсгалыг мэдрүүлсэн контент хүргэнэ гэдэг өөрөө маш өөр мэдрэмж. Энэ санаагаа улам тодруулж, хэрэгжүүлэхийн тулд эхлээд яг юу шаардлагатайг бодож эхэлсэн. Байр, техник, тоног төхөөрөмж, санхүүжилт гээд олон зүйл хэрэгтэй байлаа. Ингээд бид "Бага тойрог Лэйбл" гэх компанийн суурийг тавихаар шийдэж, албан ёсны байгууллага болгосон. Хийх гэж байгаа ажлуудаа тогтвортой, системтэй авч явахын тулд лэйбл байгуулж, улсад бүртгүүлж, албан ёсны бүтэцтэй болгосон. Харин "Baga Toirog Live Session" бол энэ компанийн маань эхний томоохон төсөл юм. Одоогоор үндсэн 4 хүнтэй баг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн бидний багт олон найз нөхөд, уран бүтээлчид нэгдэж, дэмжиж ажиллаж байгаа. Хоёр талын хүрээллээс зурагчид, дизайнерууд, аудио багийнхан гээд олон хүн нэмэгдэж, бидэнд маш их тусалж байгаа. Эхний шатанд найз нөхдийн хамтын ажиллагаа, дэмжлэг дээр суурилж байна. Бүгд сэтгэлээсээ, үнэхээр чанартай зүйл хийхийг зорьж ажиллаж байгаа.

– Шинэ контент гаргах процесс хэрхэн явагддаг вэ?
– Дуучин, хамтлаг оролцохоор сонгогдсон тохиолдолд бид эхлээд бэлтгэл хийдэг. Тэдний дуулж, тоглох 4-5 дууг сонгоод, хамтлагийн бүрэлдэхүүнийг нь бэлдэнэ. Улмаар 3-4 удаагийн бэлтгэл хийгээд, тоглолтын орчинд хүрэлцэн ирдэг. Үзэгчид ч мөн ирээд, оролцоно. Ингээд л камер, зураглаачид, аудио баг бүрэлдэж, амьд лайв сэйшнээ бичдэг. Энэ үйл явцад алдаа гарах магадлалтай, гэхдээ тэр бүхнийг бид бодитоор хүргэхийг хүсэж байна.



– Контент гарсны дараах хүлээлт хэр байдаг вэ?
– Бид анхнаасаа хэт их хүлээлт тавихгүйгээр эхлэе гэж бодсон. "Энэ дугаар л ёстой маш их хандалт авна" гэхээс илүүтэйгээр долоо хоног бүр тасралтгүй, тууштай хийхийг л зорьж байна. Удаан хугацааны туршид тууштай байвал чанартай контент аяндаа хүлээн зөвшөөрөгдөж, илүү амжилттай болох боломжтой гэж харж байгаа.
Бид энэ төслийг зөвхөн нэг контент хийх гэж бус, урт хугацаанд Монголын хөгжмийн орчинд өөрийн гэсэн байр суурьтай, тогтвортой суваг бий болгох зорилготой хийж байна. Олон жил үргэлжилсэн ч, долоо хоног бүр тогтвортой үргэлжлэх нь чухал гэж бодож байна.

– Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
– Одоогоор санхүүгийн хувьд хүндрэлтэй тал бий. Контентын үнэлгээ, санхүүгийн тогтвортой байдал хараахан бүрэлдээгүй учраас голдуу найзууд, ойр дотны хүмүүсийн тусламжтайгаар явж байна. Гэхдээ ирээдүйд илүү сайн орлого олж, тогтвортой санхүүжилттэй болох үедээ бүгдийг нь мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилготой байна. Одоогийн байдлаар бид өөрсдийн цаг зав, хүсэл сонирхлоороо л энэ ажлыг хийж байна.
- Энэхүү төслийн гол зорилгыг та бүхэн юу гэж харсан бэ?
- Үндсэндээ бидний хийж буй ажил бол өнөө цагийн уран бүтээлчдийн бүтээлийг баримтжуулах нэгэн томоохон алхам юм. Зарим артистууд уран бүтээлээсээ хэсэг хугацаанд хөндийрсөн байдаг. Харин тэднийг эргэн авчирч, шинэ уран бүтээл гаргасан бол манай "Baga toirog live session”-оор дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. Энэ нь зөвхөн уран бүтээлчдэд төдийгүй сонсогчдод ч онцгой боломж бий болгоно гэсэн үг юм.

- Анхны зочноороо дуучин Эгшиглэнг урьж оролцуулсан байсан. Энэхүү уран бүтээлчийг сонгон оролцуулах болсон гол шалтгаан нь юу байсан бэ?
- Эгшиглэн сүүлийн жилүүдэд уран бүтээлээ төдийлөн гаргаагүй. Тиймээс түүний дууг сонсохын тулд хүмүүс Юүтүб, Айтюнс зэрэг платформоос хайж сонсдог. Бид анхны дугаартаа Эгшиглэнг онцолсноор сонсогчдын хүсэн хүлээсэн уран бүтээлчтэй нь уулзуулж, шинэ бүтээлийг нь хамгийн анх хүргэх боломжтой болсон. Мөн бичлэгийн үеэр түүний дуулалт, тайзны мэдрэмж гайхалтай байсан. Амьд хөгжимтэй, өндөр чанартай контент гаргаж, хуучны дуунуудыг ч шинэ өнгө аясаар хүргэхийг зорьсон.


-"Бага тойрог" нэрийг сонгох болсон шалтгаан юу вэ?
-Бага тойрог бол Улаанбаатар хотын нэгэн онцлог бүс. Энэ бүсээс Монголын урлаг, соёлын шинэ үеийн урсгал хүчтэй өрнөж, уран бүтээлчид нэгэн хүрээлэл үүсгэсэн байдаг. Тиймээс бидний үйл ажиллагааны чиглэлтэй салшгүй холбоотой нэр гэж үзсэн. Мөн нэр сонгохдоо Монгол хэл дээр байхыг онцгойлон бодсон. Учир нь бид цаашдаа ч Монгол соёл, хэлээ дээдэлсэн медиа контент бүтээх зорилготой байгаа.
Мөн дараагийн нэгэн далд утга тогтмол байгаа усанд нэг дусал ус нэмэгдэн дусахад тойрог хэлбэртэй долгион үүсэж, цааш багаас их рүү томрон долгиолсоор том хүрээлэл үүсгэдэг шиг манайхаас гарах контентууд, аливаа зүйлс жижгээр эхлэх ч гэсэн нөлөөлөл нь том байхыг бодож өгсөн. Жулиа Карни гээд яруу найрагчийн “Little Things“ гээд шүлэг байдаг. Тэр шүлгийн эхлэл хэсгийн мөрүүд бас ихээр нөлөөлсөн.

- Art, culture, lifestyle хэмээх слогантай байсан. Ирээдүйд энэ концепцийг хэрхэн гүнзгийрүүлж, хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна?
-Бидний контентын гол чиглэл бол урлаг, соёл, амьдралын хэв маяг юм. "Бага тойрог" бол зөвхөн хөгжим гэлтгүй, соёлын олон салбарыг хамарсан төсөл. Бид зөвхөн артистуудыг танилцуулаад зогсохгүй, үзэгчдэд урлагийн боловсрол олгохыг зорьж байна. Манай контент маань лайв сешн тул зарим алдаа, тэр мөчид гарч буй бодит мэдрэмжийг ч мөн үзэгчид мэдэрнэ. Нэг ёсондоо үзэгчид уран бүтээлчийг холоос л харж, мэдэрдэг байдлыг эвдээд, ойртуулж өгч байгаа юм. Энэ нь хөгжмийн амьд оршихуйг харуулж байгаа хэрэг гэж бодож байна. Цаашид ямар контент хийх вэ гээд жагсаагаад харахаар л яг энэ гурван гол слоган дотор багтаад байгаа юм. Ер нь урлаг соёлыг хүн амьдралынхаа хэв маягт шингээгээд явчихвал нөгөө талаасаа маш хүнлэг болно. Урлаг соёлын гол нөлөөлөл энэ гэж хардаг юм. Хүн болгоныг урлагийн маш өндөр боловсролтой болоосой гэж хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд мэдлэг, мэдрэмжтэй, урлагийг таашааж, ойлгож хүлээж авдаг болох юм бол нийгэмд ч гэсэн маш хэрэгтэй гэж боддог. Одоо хүмүүсийн дийлэнх үзэж харж байгаа контент илүү энтертайнмент буюу зугаацуулах шинж чанартай, эсвэл хов живтэй холбоотой байх гээд байгаа шүү дээ. Тиймээс ийм орон зай хэрэгтэй болов уу гэж бодсон. Уран бүтээлчдийн дуу хөгжим, дурсамж, мэдрэмжийг хуваалцаж, авч үлдэнэ гэдэг, цаашлаад урлагийг сурталчилна гэдэг өөрөө сэтгэлд өег ажил.
- Уран бүтээлчид танай төслийг хэрхэн хүлээж авч байна вэ? Санал тавихад ямар хариу үйлдэл үзүүлдэг бол?
- Ихэнх уран бүтээлчид маш нээлттэй хүлээж авдаг. "Ямар гоё санаачилга вэ!", "Үнэхээр сонирхолтой юм!", "Оролцъё!" гэх зэргээр эерэг сэтгэгдэлтэй ханддаг. Зарим нь хуваарийн асуудлаа зохицуулах шаардлагатай байдаг болохоор "Энэ сард амжихгүй, харин дараа оръё. Ингэхдээ ийм, ийм дуунуудаа дуулмаар байна" гэх нь бий.
Бас зарим нь биднээс санал хүсэлт авч, хамтран ажиллахдаа илүү бүтээлч санаачилга гаргадаг. "Энэ дуу дээр хийл оролцуулмаар байна", "Арын фон дээр илүү амьд хөгжим нэммээр байна" гэх мэтээр өөрсдийн санаагаа хуваалцдаг нь бидний хувьд давуу тал болдог. Үүнээс гадна өмнө нь өөр хувилбараар дуулагдаж байгаагүй дуунууд энд дахин шинэ өнгө аястайгаар төрж, үзэгчдэд хүрч буй нь манай төслийн онцлог гэж хэлж болно. Ер нь бол тухайн уран бүтээлч манай студид нэг орж ирвэл л тэр чигтээ өөрийгөө нээчихдэг.
- Танай төслийн зорилго цаашид хэрхэн өргөжих боломжтой гэж харж байна вэ?
- Манай контентууд зөвхөн Монголын хүрээнд зогсохгүй, цаашдаа олон улсын уран бүтээлчдийг урьж, хамтарсан “live session” хийх боломжтой гэж харж байна. Жишээ нь, Монголд ирдэг гадны алдартай уран бүтээлчдийг урьж, санал тавих боломжтой. Ингэснээр манай хөгжмийн урлаг олон улсын түвшинд гарах нэг гарц болно.

- Одоогийн залуучууд гадаад уран бүтээлчдийг түлхүү сонсдог болсон. Тэгвэл Монголын уран бүтээлчдийг сонсож эхлэх нь ямар үр нөлөөтэй гэж та бодож байна вэ?
- Монголын уран бүтээлчдээ дэмжих нь эцсийн дүндээ чанартай хөгжмийг бий болгоход нөлөөлнө. Үзэгчид, сонсогчид Монгол уран бүтээлчдийнхээ дууг сонсож, тоглолтод нь очиж, цомгийг нь худалдаж аваад эхлэхэд тэдний санхүүгийн боломж нэмэгдэнэ. Үүний үр дүнд илүү чанартай, бүтээлч хөгжмүүд гарах боломжтой болно.
Харамсалтай нь, одоо олон хүн "Монгол уран бүтээлчид сонирхолгүй, дуунууд нь нэг хэвийн" гэх хандлагаар ханддаг. Гэтэл энэ нь өөрөө нэгэн төрлийн сөрөг давтамжийг бий болгодог. Уран бүтээлчид дэмжлэг багатай учраас илүү том боломж руу тэмүүлэхэд хэцүү болдог. Харин бид нэгдэж, тэдний бүтээлийг тогтмол сонсож, дэмжиж эхэлбэл Монгол хөгжмийн хөгжил хурдасна. Энэ бүхэн эцэстээ дэлхийн түвшний уран бүтээлчид гарах үндэс суурь болно гэж боддог доо. Одоо уран бүтээлчид маань стрийминг үйлчилгээнээс мөнгө олох боломж ховор, оюуны өмчийн хулгайд өртөх гээд олон асуудалтай л нүүр тулж байна. Хэрэв бид өөрсдийн уран бүтээлчдээ дэмжиж эхэлбэл хэдэн жилийн дараа гэхэд чанартай артистууд маань The Hu шиг дэлхийд гарч болно шүү дээ.
Бидний нэг зорилго бол үзэгч, уран бүтээлч хоёрын хоорондын харилцааг илүү ойртуулах. "Ямар үзэгч байна, тийм урлаг байна" гэдэг шүү дээ. Монголын үзэгчид өөрсдөө эх орныхоо хөгжмийг илүү их сонсож, үнэлж дэмждэг болох үед урлаг ч мөн адил өсөж хөгжих болно. Тиймээс бид зөвхөн контент бүтээгээд зогсохгүй, хөгжмийн боловсрол, соёлын талаарх ойлголтыг ч түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.



- Одоо бидний дунд байхгүй ч уран бүтээлээрээ зүрх сэтгэлд хоногшсон ямар уран бүтээлчдийг та бүхэн “Live session”-даа урих байсан бэ?
- Хөгжмийн зохиолч, дуучин Г.Ганхуяг /Ганг/ ахыг урих байсан. Бас “UB Night” хамтлагийн Даваа ахыг мөн “Madness” хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан ахыг оруулах байсан. Бас дуучин Б.Бадрууган агсныг урих байсан. Урихыг хүсэх маш олон хүмүүс байна. Бас төслийн хүрээнд бид аль болох олон уран бүтээлчийг оруулснаараа тэр бүх мэдрэмж, дурсамжийг мөнхөлж байгаа хэрэг. Тиймээс чадахаараа олон чанартай уран бүтээлчдийг хүмүүстэй ойр байдлаар дуу хөгжмөө хүргэх боломжийг бий болгохыг улам илүү хүсэж ажиллаж байгаа.
- 4 сарын 25-ны өдөр анхны "Baga Toirog" Live Concert #1 болох гэж байна. Энэ тухайд мэдээлэл хүргээч?
- Тоглолт болоход маш цөөхөн хоног үлдсэн байна. Хамтлагууд маань хувь хувьдаа бэлтгэл ажлаа хангаж, бидний зүгээс мөн тоглолтын зохион байгуулалт, уур амьсгал, мэдрэмж, бүтэцийг чанартай сайн байлгах тал дээр анхаарч байна.
Нисванис хамтлаг маань манай тоглолтод нэмэгдсэнийг дуулгахад мөн таатай байна. Амьд хөгжмийн үе үеийн хамтлагууд нэгдэн энэхүү тоглолтод оролцож буй нь ихээхэн онцлог. Яг энэ хамтлагууд маань энэхүү дарааллаараа гарч тоглоно гэдэг бол олон давтагдах үйл явдал гэж бодохгүй байна. Тэр оройн уур амьсгал бүхэлдээ маш сайхан байна гэж итгэж байгаа.
Жижиг гэлтгүй бүх хэсэг дээр анхаарч, хичээж ажиллаж байна. Бидний зохиож буй анхны тоглолт учраас бүх юм маш шинэ байна. Ирсэн хүмүүсээ сэтгэл дундуур байлгахгүйн төлөө хором бүрээ зориулж байгаа.
-Ирж буй зуны уур амьсгалд хүмүүсийн догдлол нэмэгдэж байгаа шиг Бага тойрогийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж, юуг төлөвлөж байна вэ?
- Энэ зун бид хэд хэдэн зүйлийг төлөвлөж байгаа. Зарим төлөвлөсөн ажлууд маань эхнээсээ хэрэгжих шатандаа орсон байгаа. Одоо бичлэгээ хийж буй байршлаасаа гадна бид арай өөр газруудад, заримдаа гудамжинд, мөн Улаанбаатар хот гэлтгүй аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Богинохон болдог зуны улиралд маань олон гоё хөгжмийн наадмууд, урлаг соёлоор залуусыг нэгтгэдэг арга хэмжээнүүд болдог. Тэр арга хэмжээнүүдэд оролцохоор мөн яригдаад явж байгаа. Тэр болгон маань тухайн цаг үедээ цацагдаж, зарлагдах болохоор та бүхэн маань хүлээж байгаарай. Сая наймдугаар дугаар дээр маань Германы уран бүтээлч оролцсон байгаа. Тэгэхээр зөвхөн монгол гэлтгүй гадаадын артистуудтай хамтран ажиллах сайхан эхлэл болсон гэж бид бодож байна. Цаашдаа ч мөн энэ хүслээ илүү ажил хэрэг болгож, сайн хамтралууд бий болгож, илүү олон, чанартай байлгах тал дээр анхаарч байна.
- Энэ удаагийн Session-ийн зочноор ямар хамтлаг уригдсан бол?
- Яг энэхүү ярилцлага цацагдсаны дараахан бид тоглолтын зочин хамтлаг, Монголын хөгжминй ертөнцийн хамгийн гайхалтай өнгөнүүдийн нэг болох “The Lemons“ хамтлагийн дугаарыг цацах болно.
- Хамтран оролцож, нэг хэсэг нь болж буй хүмүүстээ хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна вэ?
- Бид хамтдаа энэ бүтээл дээр сэтгэл зүрхээ шингээж, нэг зорилгын төлөө нэгдсэн. Энэ бол зөвхөн уран бүтээлчдийн бус, бас үзэгч та бүхний ч оролцоотой төрж буй нэгэн бүтээл. Энэ бүхнийг хүлээн авч, биднийг дэмжиж байгаа та бүхэндээ гүн талархал илэрхийлье! Биднийг нэг нэгнээ дэмжиж байгаа шиг, бид ч бас та бүхэндээ эргээд өөрсдийн чадах бүхнээрээ тусалж, үнэ цэнтэй зүйл бүтээхийг хүсэж байна. Энд оролцож буй бүх баг хамт олон—хөгжимчид, видео, фото баг, бүтээлч инженерүүд, арын албаныхан—бүгд өөр өөрийн салбартаа чадварлаг, нэр хүндтэй хүмүүс. Тэдний зүгээс энэ төслийг чин сэтгэлээсээ дэмжиж, хүч хөдөлмөрөө зориулж буй нь үнэхээр бахархмаар. Гаднаас харж буй хүмүүс хүртэл "Яаж ийм хүмүүсийг нэг дор цуглуулж, энэ бүхнийг хийж чадсан юм бэ?" гэж гайхдаг юм. Гэвч биднийг нэгтгэж буй зүйл бол зөвхөн чадвар, мэргэжил бус, харин чин сэтгэл, нэг нэгнээ гэсэн хүндлэл, хамтдаа үнэ цэн бүтээх хүсэл юм. Мөн "Бага Тойрог" сувгийн үзэгч та бүхэндээ онцгойлон талархъя! Та бүхэн бол энэ бүхний чухал хэсэг. Цаашдаа бид илүү чанартай, илүү гүн утга агуулгатай контентуудыг хүргэхийн төлөө хичээнэ. Бид бүгд нэгэн бүтээлийн, нэгэн зорилгын нэгээхэн хэсэг юм шүү!
