Мэргэжлийн боксын маш олон холбоо дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж буй. Холбоо болгон 17 жинд аваргуудыг тодруулдаг, чансаа тогтоож, олон янзын нэртэй аваргын бүс олгодог ч тэдний чухам аль нь хамгийн "том", аль холбооны аварга нь хамгийн нэр хүндтэй вэ гэдгийг нэрлэх хэцүү, хүмүүст эргэлзээ төрүүлдэг билээ.
Учир нь холбоо болгон өөр өөрийн онцлогтой, дүрэм журам нь ч ялгаатай. Гэхдээ мэргэжлийн боксын ертөнцөд WBA, WBC, IBF, WBO гэсэн дөрвөн холбоог хамгийн нэр хүндтэй, бас "том" дөрөв гэдэгтэй 100 хувь санал нэгддэг юм.

Түүхэнд мэргэжлийн боксын анхны дэлхийн аварга нь ХIX зууны хоёр дахь хагаст рингэнд тулалдаж явсан "The Boston strongboy" хочит Жон Лоуренс Салливаныг гэж үздэг ч анхны албан ёсны дэлхийн аварга цолны төлөөх тулааныг NBA буюу National Boxing Association (Үндэсний боксын холбоо) 1921 онд байгуулагдсан жилдээ зохион байгуулж, Жэк Дэмпси Жорж Карпентьерийг ялж, дэлхийн аварга болсон ажээ.
Хожмоо 1962 онд NBA нь нэрээ WBA (World Boxing Association) болгон өөрчилсөн юм. Тэгэхээр мэргэжлийн боксын хамгийн ууган холбоо нь WBA (Дэлхийн боксын холбоо) бөгөөд хамгийн нэр хүндтэй холбооны нэг яах аргагүй мөн. Анх АНУ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан ч одоо бол төв штаб нь Панамад байдаг.
Монголын мэргэжлийн боксын "алтан хараацай", гавьяат тамирчин Дугарбаатарын Лхагва маань чухамдаа энэ WBA холбооны дэлхийн аварга цолыг хоёронтоо хүртэж, аваргын бүсийг зүүж байсан. Бүүр хоёр өөр жинд дэлхийн аварга болсон, Монголын мэргэжлийн боксын түүхэнд хамгийн өндөр амжилтад хүрсэн, хамгийн нэр хүндтэй холбооны аварга болж байсан боксчин бол Д.Лхагва.
WBA нь маш олон аваргыг тодруулж, бүс олгодог. Жишээ нь "түр зуурын аварга", "жирийн аварга", "супер аварга", "алтан аварга" гэх мэт. Аварга цолтой боксчин эрүүл мэндийн болон гэмтлийн улмаас, мөн зарим шалтгаанаар аварга цолоо хамгаалах тулаан хийгээгүй үед "түр зуурын" аваргын тулааныг зохион байгуулдаг бол жирийн аварга боксчин WBC, IBF, WBO холбооны аваргыг ялбал супер аварга болдог гэх мэт энэ олон бүс, аварга тодруулах WBA-ийн систем нь спорт сонирхогчдод тийм ч ойлгомжтой бус гэж шүүмжлэх хүн цөөнгүй байдаг. Мөн WBA олон жилийн турш авилгалтай холбогдсон, том промоутерууд нь шүүгчдэд нөлөөлдөг гэх мэт асуудал гардаг.
WBA холбоог "шил даран" гарч ирсэн, 1963 онд Мексикт байгуулагдсан Дэлхийн боксын зөвлөл буюу WBC (World boxing council) нь мэргэжлийн боксын бас нэгэн том холбоо юм.
Мэргэжлийн бокс хэмээх "Их өргөөний" тулах хоёр баганыг WBA, WBC гэхэд болохгүй зүйлгүй ээ.

WBC мөн "the diamond belt", "the silver belt", "the eternal belt", "the regular belt" буюу "алмаазан", "мөнгөн", "мөнхийн", "жирийн" гэсэн аваргын бүс олгодог.
"Алмаазан" бүсийг олон тохиолдохгүй түүхэн тулаанд (Жишээ нь Флойд Мэйвезер - Мэнни Пакьяо) ялагчид олгодог бол "Мөнхийн" бүсийг ялагдалгүй зодог тайлсан дэлхийн аваргад, эсвэл дэлхийн аварга цолын төлөөх тулаанд ялагдаж үзээгүй боксчинд өгдөг.
WBC-ийн аваргууд жилд доор хаяж нэг удаа цолоо хамгаалах тулаан хийх журамтай ч тодорхой төлбөр төлөөд энэ журмаас "бултдаг" тухай ч ярьдаг.
WBC нь мэргэжлийн боксын тулааны үргэлжлэх хугацааг 15 раундаас 12 раунд болгон бууруулсан анхны холбоо бөгөөд (Ким Дук Ку хэмээх боксчин Рэй Марчинитай хийсэн дэлхийн аваргын тулааны үед 14 дүгээр раундад толгойдоо хүнд цохилт, гэмтэл аван улмаар ухаангүй дөрөв хоног эмнэлэгт байсны дараа нас барснаас үүдэлтэй) бусад холбоо ч удалгүй тэдний жишгийг дагасан билээ.
Монгол Улсын гавьяат тамирчин "King Tug" Нямбаярын Төгсцогт маань WBC холбооны дэлхийн аваргын бүсийн төлөө Гэри Рассельтай 2020 онд тулалдаж байсан билээ. Нэг үгээр хэлбэл Монголын боксчдоос одоогийн байдлаар мэргэжлийн рингэнд гаргасан амжилтаараа зөвхөн Д.Лхагвын ард эрэмбэлэгдэх боксчин.
Н.Төгсцогт мөн 2021 онд WBA холбооны 59 кг-ийн жинд "түр аваргын" бүсийн төлөө тулалдаж, 2019 онд IBO холбооны дэлхийн аварга болж байсан билээ.
WBA, WBC гээд хоёр баганы дараа WBO, IBF гэсэн холбоод бичигдэнэ.
International Boxing Federation буюу Олон улсын боксын холбоо нь 1976 онд байгуулагдсан, төв нь Нью Жерсид байдаг, их дөрвөөс АНУ-д штаб нь байрладаг ганц холбоо. Гол онцлог нь ганцхан аваргын бүс л олгодог. Түр зуурын болон бусад аварга гэж энэ холбоонд байдаггүй. Жин тус бүрт нэг нэг л аваргатай гэсэн үг.
World Boxing Organization буюу Дэлхийн боксын байгууллага нь 1988 онд байгуулагдсан бөгөөд "Том дөрвийн"-хөө хамгийн бага нь юм. Төв штаб нь Пуэрто-Рикод байрладаг . 2004 онд л бусад холбоод нь хүлээн зөвшөөрсөн.
Мэргэжлийн боксын үнэмлэхүй дэлхийн аварга болохын тулд WBA, WBC, IBF, WBO энэ дөрвөн холбооны аваргын бүсийг "цуглуулж" байж болдог.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин