UBLife Logo
Спорт

Б.Энхтөгөлдөр: Монголынхоо нэрийг дуурсгаж байгаа баг, тамирчдын хувцсыг үйлдвэрлэх нь маш өндөр хариуцлага

Б.Энхтөгөлдөр: Монголынхоо нэрийг дуурсгаж байгаа баг, тамирчдын хувцсыг үйлдвэрлэх нь маш өндөр хариуцлага

Спортын салбарын нэг том салаа мөчир бол спортын хувцас хэрэглэлийн үйлдвэрлэл юм. Шинэлэг технологи, чанартай материал, харилцагчдын сэтгэлд нийцсэн үйлчилгээгээр сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлд ялгарч буй компани бол Тод Гялалз “TG Sport” билээ. Бид тус компанийн захирал Б.Энхтөгөлдөртэй уулзаж ярилцсан юм.

-”TG Sport” компанийг үүсгэн байгуулсан түүхээс сонирхуулна уу? Яагаад спортын хувцас хэрэглэлийн салбарт бизнес эрхлэх болсон бэ?

-Би хөлбөмбөгт их дуртай, Английн “Ливерпүүл” багийн фанат. Хөлбөмбөгийн хувцас хэрэглэл, тэр дундаа мэргэжлийн тамирчид юу өмсөж байна вэ гэдгийг их сонирхдог байлаа. Монголд хөлбөмбөгийн фэн клубүүдийн дундах тэмцээн их болдог, тэр үеэр сонирхлынхоо дагуу гадаадын мэргэжлийн багуудын спорт хувцсыг дуурайлгаж оёод зарсан нь хүмүүст маш их таалагдсан. Эхнэр маань хувцасны дизайнер болохоор тухайн үед хамтран хийж байлаа. Тэр үеэс л энэ чиглэлээр ажиллах санаа төрсөн гэж болно. Мөн “Урлах эрдэм” хэвлэлийн компани“, “Өдрийн сонин”, Наран Их дэлгүүрт рекламын дизайнер гээд дизайн талын ажлууд хийж байсан маань их дэмжлэг болсон.

Ингээд хуримтлуулсан туршлага, спортод дуртай хүсэл сонирхолдоо тулгуурлан бизнес хийхээр шийдвэрлэж, 2016 онд 70м2 талбай B1 давхрын ажлын байр түрээслэн ажлаа эхлүүлж байлаа. Хувцасны зураг, дизайн, өнгийг нь өөрөө зохиож, захиалгын бүтээгдэхүүнээ өдөр нь оёод орой ажлаа тараад хүргэж өгдөг байлаа. Харилцагч нарт манай хувцаснуудын загвар, материал маш их таалагдаж, захиалга ч их авдаг боллоо. Ер нь энэ чиглэлийн бизнес хийж болно, спортын хувцасны салбарт ирээдүй бий гэдгийг тэр үес ойлгоод энэ салбар луу эргэлт буцалтгүй орж, компаниа байгуулсан.

Төдөлгүй хөлбөмбөгийн багууд хувцас, өмсгөлөө оёулах санал тавьж эхэллээ. Төрөл бүрийн тэмцээн ч их зохиогддог болсноор сонирхогчийн багууд хүртэл ханддаг болсон. Сагсны дээд лигийн багуудаас анхны үйлчлүүлэгч нь жүжигчин Б.Цолмонбаяр менежертэй "Архангай Алтан Дорнодын дайчид" байлаа, Мөн хөлбөмбөгийн лигийн  FC Ulaanbaatar, волейболын Дээд лигийн "Хилчин", "Тэнүүн Огоо" зэрэг баг анхдагч болж, одоог хүртэл хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд гадаадын мэргэжлийн спортын баг, тамирчид ямар хувцас өмсөж байгааг маш их сонирхож судалсан хэвээр байлаа. Харилцагч нартаа яаж чанартай, өнгө үзэмжтэй хувцас өмсгөх вэ гэж их бодно. Ихээхэн судалгаа хийсний эцэст хамгийн чухал зүйл бол хэвлэх технологи гэдгийг ойлгосон.

Тиймээс даавуун дээр хэвлэдэг шинэ технологи оруулж ирэхээр шийдвэрлээд зээл авч, Японоос хэвлэгч машин оруулж ирж байлаа. Өнгөт принтерээр цаасан дээр хэвлэдэгтэй адилхан байдлаар даавуун дээр хэвлэдэг технологи гэж ойлгож болно.  Түүнээс гадна чанартай түүхий эд, материал сонгохын тулд БНХАУ руу олон удаа явсны эцэст сонголтоо хийсэн. Спорт хувцас оёход энгийн хувцастай харьцуулахад илүү олон тоног төхөөрөмж шаардагддаг юм. Тэр бүхнийг БНХАУ-аас захиалж авчраад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэллээ.

Харилцагчид манай бүтээгдэхүүнд сэтгэл хангалуун байсан нь бид илүү мэргэжлийн талаас нь анхаарч ажилласантай холбоотой гэж боддог.

 -Харилцагчид TG Sport компанийг сонгож буй гол шалтгаан юу байна вэ? Ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас танайх юугаараа ялгарч байна вэ?

-Спортын багууд хувцас хэрэглэлийн компаниа солих нь спортын ертөнцөд жирийн үзэгдэл. Гэвч манай компани үүсгэн байгуулагдсанаас хойш ихэнх харилцагч маань тууштай үйлчлүүлсээр байна.

Манай компанийн нэг давуу тал бол өмнө дурдсанчлан хэвлэлийн технологи юм. Ямар нэг загварт баригдахгүй, харилцагчийн хүссэн хээ, загвар, өнгө, дүрсээр маш загварлаг, гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бид бүрдүүлсэн.

Хоёр дахь давуу тал бол чанартай материал. Дэлхийн томоохон лиг, багуудтай хамтран ажилладаг, тэдэнд бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудаас бид материалаа татан авч байна. Нэг жишээ дурдахад, цахим спортын Mongolz баг анх 2016 оны орчим 29/90 нэртэй байгуулагдаж байхад манай компани хувцсыг нь хийж өгч байлаа. Загварлаг, чанартай хийсэн учраас тэдний сонголт нь TG Sport болж ирсэн.

 Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, тэр дундаа даавуун дээр хэвлэх технологи нэвтрүүлсэн цөөнгүй компани бий. Миний хувьд спорт маш их сонирхдог, тамирчид, багийн эзэдтэй найзалж, нөхөрлөдөг, цөөнгүй тамирчин, багийг ивээн тэтгэж, харилцагчдадаа үнэ цэн шингээсэн бүтээгдэхүүн хийж өгдөг нь ижил төрлийн компаниудаас ялгарахад голлон нөлөөлсөн болов уу. Хамгийн гол нь технологийн дагуу стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэхийг зорьж байна.

Мөн манай компанийн нэг онцлог бол итгэл даасан харилцаа гэж боддог. Захиалгаа цаг хугацаанд нь, чанартай үйлдвэрлэж нийлүүлдэг. Онлайнаар захиалга хүлээж авах, 3D технологи ашиглан өөрийн хүссэн загвараа бүтээгээд захиалах зэрэг хэрэглэгчээ халамжилсан технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа. Цаг нь болохоор олон нийтэд мэдээлнэ. Түүнчлэн ямар нэг асуудал, хүсэлт гарвал бид тухай бүр шийдвэрлэхийг хичээдэг. Жишээлбэл, өмсгөлөө хаячихлаа, маргаашийн тоглолтоос өмнө хийж өгнө үү гэсэн яаралтай захиалга ирэхэд бид яаж ийгээд л хийж өгдөг. Энэ бүхэн маань харилцагч нартайгаа итгэлтэй харилцааг бий болгоход нөлөөлдөг гэж боддог.

-Спортын ямар төрлийн хэдэн багтай хамтран ажиллаж байна вэ?

-Энэ жилийн хувьд сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй 16 багийн 10, хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн 10 багийн зургаа нь манай компаниар өмсгөл, хувцсаа захиалан хийлгүүлж байна. Гэрээт багуудын тоо жил бүр тогтмол нэмэгдэж буй.

 Мөн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, сагсан бөмбөгийн 3х3 болон 5х5 шигшээ баг, рагби, бокс, чөлөөтийн шигшээ багийн хувцсыг манай компани үйлдвэрлэж байсан. Одоо ч зарим шигшээ багтай гэрээтэй ажиллаж байна.

Мэргэжлийн багуудаас гадна арилжааны банк, мэдээллийн технологийн компаниуд, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд манай компаниар байнга үйлчлүүлдэг.

 -Таныг маш олон баг, тамирчныг ивээн тэтгэж, тусалдаг гэдгийг спортын салбарынхан мэднэ.

-Гадаадад тэмцээн, уралдаанд оролцож байгаа баг, тамирчдаа загварлаг, гоё хувцастай явуулах чин хүсэл байдаг. Импортоор орж ирсэн бэлэн хувцас аваад үсэг наачихсан, жигд бус бэлдээд явсан хувцаснаасаа ичдэг гэж зарим тамирчид, арын албаныхан хэлж байлаа. Тийм учраас Монголынхоо баг, тамирчдыг гадаадад нүүр бардам яваасай гэж хүсэж спортын маш олон холбоотой хамтарч хувцсыг нь үнэ төлбөргүй хийж өгдөг байсан.

 Анх хөлбөмбөгийн “Атлетик 220” багийг Азийн цомын тэмцээнд оролцохоор явахад нь бид иж бүрэн хувцас хийж өгч байсан. Өмнө өгүүлсэнчлэн, одоо дэлхийд шуугиулж байгаа Mongolz багийг өөр бүрэлдэхүүнтэй, өөр нэртэй байх үеэс нь эхэлж бид хувцсыг нь хийдэг байлаа. PUGB Mobile-ийн ДАШТ-ээс анх хүрэл медаль хүртсэн ZEUS, одоогийн IHC, Stalwart гэх мэт олон баг, тамирчныг дэмжиж ирсэн.

Монголынхоо нэрийг дуурсгаж байгаа баг, тамирчдын хувцсыг үйлдвэрлэх нь бидний хувьд нэг талаар маркетинг боловч нөгөө талаас маш өндөр үүрэг хариуцлага юм. Тиймээс бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хичээж ажилладаг.

Компанийн маань энэхүү амжилтын нэг тулгуур бол үйлдвэрийнхээ технологи, оёдол зэрэг бүх зүйлээ хариуцаж ажиллаж байгаа эхнэр маань гэж боддог.

-Танай компани сагсан бөмбөгийн холбоо, багуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Бид сагсан бөмбөгийн холбоотой 2021 онд гэрээ байгуулж, өмнөх олимпын цикльд хамтран ажилласан. Дараагийн олимпын цикльд ч манай компанитай хамтран ажиллаж, гэрээгээ сунгахаар тохиролцоод удахгүй албан ёсоор гэрээ байгуулах гэж байна.

Нэг сонирхолтой жишээ дурдахад, Азийн АШТ-ий эрхийн төлөө 2023 онд Улаанбаатарт бусад улсын шигшээ баг ирж тоглох үед бид MBank Arena-д анх удаа шигшээ багийн тоглогчдын жерсиг газар дээр нь нэр, дугаар хийж борлуулсан. Уг үйл явдлын нэг онцлог нь Сагсан бөмбөгийн холбоо жерсиний борлуулалтын орлогоос тодорхой хувийг тамирчдад бонус байдлаар олгосон явдал юм. Энэ бол манай спортын салбарт анхдагч үйл явдал болсон. Үүнд тамирчид тун сэтгэл хангалуун байсан.

Ташрамд дурдахад, UG Arena-г анх баригдаж эхэлж байхад Л.Золбоо захирал бидэнд спортын хувцас хэрэглэлийн дэлгүүр нээх санал тавьж, хамтын ажиллагааг эхлүүлж байлаа. Үзэгчид нэгдүгээр давхраас дэмждэг баг, тамирчдынхаа хувцас, өмсгөлийг худалдаж аваад ордонд орж тоглолтоо үздэг олон улсын уг стандартыг нэвтрүүлэхэд бид тодорхой хувь нэмрээ оруулсан гэж боддог.

Одоогоор манай компани үндэсний дээд лигийн “Эс.Жи.Эйпс”, “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс”, BCH Knights, “Бишрэлт металл”, “Дархан Юнайтед", "Налайх Бизон" багийн өмсгөлийг үйлдвэрлэж байна. NBA-ийн супер од байсан Д.Казинс манай үйлдвэрлэсэн жерсиг өмсөн тоглож байгааг харахад сайхан санагддаг.

-TG Sport компанийн цаашдын зорилго юу вэ?

-Спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Оёдлын машинууд улам бүр шинэчлэгдэж, робот оёдлын машин бий болсон. Мөн оёх бус наадаг технологи нэвтэрснээр хувцсыг ямар ч оёдолгүй үйлдвэрлэх боломж бүрдэж байна. Эдгээр технологи, шийдлийг судалж, нэвтрүүлэхийг хүсдэг.

Сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг шигшээ багийн хувцсыг үйлдвэрлэсэн туршлагадаа тулгуурлаад 2028 оны зуны олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын жигдрэлийн хувцсыг үйлдвэрлэхийг хүсдэг. Манай улс олимпын наадамд оролцох бүрд жигдрэлийн хувцсаа гадаадын компаниудад захиалж хийлгэсээр ирсэн. Харин одоо дотоодын үйлдвэрүүдээр хийлгэх цаг ирж байгаа гэж боддог. Зөвхөн TG Sport компаниас гадна үндэсний үйлдвэрлэгчид хамтраад хийх бүрэн боломжтой.

-Спортын ертөнцтэй холбоотой сэтгэлд хоногшсон ямар дурсамж байдаг вэ?

-Компанийнхаа үйлдвэрлэсэн өмсгөл, хувцсыг өмссөн тамирчид, багийн тоглолтыг үзэж, дэмжиж, огшиж маш их кайф авдаг. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл өнгөрсөн гуравдугаар сард болсон гавьяат тамирчин Э.Цэндбаатарын тулаан байна. Бид түүний шорт, нөмрөгийг үйлдвэрлэсэн юм. Маш чимхлүүр ажиллагаа орсон, шигтгээ, чимэглэл ихтэй хувцас. Э.Цэндбаатарыг рингэнд ялалт байгуулахыг хараад сэтгэл маань маш их хөдөлж, огшсон.

 -Монголд бизнесийн орчин ямар байна вэ? Үйлдвэрлэл эрхлэх орчин нөхцөл хангалттай биш байгаа тухай бизнес эрхлэгчид байнга ярьдаг.

-Ер нь үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл тийм амар биш. Бидний хувьд гадаадаас жерси авчраад зарвал илүү амархан байх. Тиймээс эргэж буцахгүй, шантрахгүй урагшлах нь л чухал гэж боддог. Шантарснаасаа болоод олон компани дампуурч байна.

Манай салбарын тухайд, жишээлбэл түүхий эдийн хангалт, сонголт, олдоц хангалттай биш. Хамтын ажиллагааны тал дээр зарим багийн удирдлага, спонсоруудтай ойлголцлын зөрүү үүсэх, тухайлбал үйлдвэрлэгчийн таних тэмдэг логог багийнхаа өмсгөл дээр тавиулахгүй гэх мэт тохиолдол гарч байдаг. Нийгмийн даатгал, НӨАТ, ААНОАТ зэрэг татварын дарамт, ачаалал аж ахуйн нэгж бүрд л тулгарч байгаа болов уу.

Гэхдээ хоёулхнаа бүхнийг эхлүүлж байсан үетэй харьцуулбал өдгөө компани маань 30 гаруй ажилтантай болжээ. Жил бүр өсөлт үзүүлж байна. Нийгэмд чиглэсэн төрөл бүрийн сайн үйлсийн ажил хэрэгжүүлж байна. Жишээлбэл, хүүхдийн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн багийг ивээн тэтгэх, жил бүр 200-300 футболк хүүхдүүдэд тараах гэх мэт. 

Түүнчлэн ирэх зургаадугаар сард 1000 хүүхдийг хамарсан “TG Cup” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Сагсан бөмбөгийн он, оны мэргэжлийн тамирчдыг хамарсан “TG Cup” тэмцээнийг өнгөрсөн жил зохион байгуулсан бол энэ жил мөн үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа.

Дүгнээд хэлэхэд ажилтнууд, спортын багуудын өмнө өндөр хариуцлага хүлээж байгаа учраас бэрхшээл, сорилт тулгарсан ч урагшлахаас өөр сонголт бидэнд байхгүй гэж боддог. Миний хувьд урдах ажлаа л сайн хийх хэрэгтэй гэж хэлэх дуртай. Үүнийгээ л баримтлан ажиллаж байна даа.

Ярилцсан Н.Энхбаяр

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эээээдиййй\54.255.181.158
гоё ярилцлага болжээ. - тэр компаниуд, багууд ТЖ логогүй авна гэдэг бодлоо хаях хэрэгтэй. АДИДАС, НАЙК дээрээ логог нь авхуулаад тэмцээнд ордог ямар ч дэлхийн компани байхгүй.