Мөрөөдөл биелүүлэх Мөсөн өргөөнд энэ сарын 24, 25-нд ОХУ-ын алдарт уран гулгалтын одод тоглолт хийх гэж байна. Энэ тоглолтын зохион байгуулагч, продюсер нь олимпын хос мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева юм. Женя зохион байгуулаад зогсохгүй өөрөө гулгана. Шоунд Алексей Ягудин, Виктория Синицина, Никита Кацалапов, Елизавета Туктамышева, Елизавета Худайбердиева, Егор Базин, Максим Ковтун, Морис Квителашвили, Александр Энберт, Софья Самодурова, Артем Федорченко нарын алдартнууд оролцох ч хамгийн хурц од нь яах аргагүй Медведева билээ.
Нэгэн үе эмэгтэй уран гулгалтын ертөнцөд ноёрхож байсан Женя одоо 25 настай. Ингээд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

-Түүний жинхэнэ нэр Бабасян. Аав нь Ереваны зураач Арман Бабасян тул Женя армен гаралтай. Аав, ээж хоёрынхоо хэн нэгнийг нь гомдоохыг хүсээгүй тул тэмцээнд эмээгийнхээ нэрээр оролцдог. Одоо ч Армений хэвлэлд түүний талаар бичихдээ Медведева (Бабасян) гэж онцолдог байна.
-Орос, япон, англи, армен хэлтэй.
-Москвагийн ойролцоох Одинцово тосгонд хувийн байшинтай. 2020 онд худалдаж авсан тэр байшиндаа ээж, эмээ хоёрын хамт амьдардаг.

- 159 см өндөр, 42 кг жинтэй. Биеийн харьцаа 76-56-81. Дэлгүүрт түүнд таарах хувцас бараг байдаггүй тул захиалгаар хувсаа хийлгэдэг.
-Евгения Медведева тун давгүй уран зураач. Ааваасаа өвөлсөн авьяас нь уран зураг.

-Цагаан хоолтон. Ногоо, жимс, ялангуяа самар идэх дуртай. Японд жин барьж байхдаа цэцэг иддэг гэж хэлсэн удаатай.
- Медведева анимэд, Япон оронд их дуртай.
- Түүний тухай “Медведева Медведевагийн эсрэг” гэдэг баримтат кино гарсан. Женя өөрөө удахгүй намтар номоо гаргахаар бэлтгэж байна.
- Юзүрү Ханюү, Жонни Уэйр хоёрыг бишрэн шүтдэг.

-Өглөө сэрээд шууд олон нийтийн сүлжээгээ хардаг. Лайкаа тоолдог ч сэтгэгдлийг бүрэн уншдаггүй.
- Нэгэн удаа “Сайхан магтаалд дуртай. Би чихээрээ дурладаг. Цэвэр цэмцгэр залууд дуртай” гэж хэлж байв.
- Евгения Медведева эрчүүдийн MAXIM сэтгүүлд нүцгэн зураг авхуулсан. Энэ талаараа тэр “Анх нүцгэн зураг хэзээ ч авхуулахгүй гэдэг байсан. Гэвч өөрийн гоо үзэсгэлэнг хүлээн зөвшөөрч, хувцсаа тайлсан” гэж байлаа.

Евгения Медведевагийн амьдралын дүрмээс
“Багадаа би хулиган байсан. Эрхэлж, хашхирч, дураараа аашилдаг байлаа. Гэхдээ “боль” гэхэд тэр дор нь больдог байсан”
“Миний хүүхэд нас 12-тойд дууссан. Тамирчин хүн эрт том болдог. Итгэж байсан хүн чинь таныг хуурахад хүүхэд нас дуусдаг юм”
“Надад сургуулийн анд найз гэж байхгүй. Би үргэлж бэлтгэл, тэмцээн дээр байдаг тул багш нар над дээр ирж, шалгалт авдаг байсан. Би сайн сурдаг байсан. Тэнэг хүн хэзээ ч спортоор амжилт гаргаж чадахгүй”

“Би хөгжимд дуртай. Гулгахаасаа өмнө чихэвч зүүгээд хэдэн цаг хөгжим сонсоно. К-Поп хөгжимд дуртай, EXO хамтлагийг шүтэн биширдэг”
“Ээж минь уран гулгалтын тамирчин байсан хүн. Ээж хааяа зөвлөгөө өгдөг. Зөвлөгөөг нь дагах эсэхээ дасгалжуулагч бид хоёр ярилцаад шийддэг”
“Шүүмжлэл, муулах хоёр өөр зүйл. Муулан гутаасан зүйлийг би тоодоггүй. Харин шүүмжлэлийг хүлээн авдаг”

“Сайхан амрахад надад чив чимээгүй орчин л хэрэгтэй. Хэвтээд гар утсаа оролдоно”
“Миний шүтээн бол Одри Хепберн. Түүний дүр төрх, үг яриа, биеэ авч яваа байдал их таалагддаг. “Тиффани дахь өглөөний зоог” киног нь үзэх дуртай”
“Эрч хүчтэй байх гол зүйл минь нойр. Хоол хүнс бол хоёрдугаар зэргийн асуудал. Би хэдэн цагт унтах, сэрэхээ хянадаг болохоос хоолны дэглэм барьдаггүй”

Блиц асуулт
• Таныг өөртөө итгэлтэй болгодог нэг зүйл гэвэл?
• Хар нүдний будаг.
• Өндөр өсгийт үү, намхан гутал уу?
• Пүүз.
• Одоо хаана очихыг хүсэж байна вэ?
• Бүх юмнаас хол газар. Жишээ нь, Ирланд.
• Бэлтгэл сургууль, тэмцээний алийг нь сонгох вэ?
• Тэмцээн.
• Медалиа хаана хадгалдаг вэ?
• Хананд өлгөөтэй байдаг.
• Болзоо, тэмцээний алиных нь өмнө сандарч догдолдог вэ?
• Болзооны өмнө. Тэмцээний өмнө би огт сандардаггүй.
• Чиний өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
• Өглөө 08.30 цагт босно. Цайгаа уугаад 10 цагаас спортын танхимд очно. Дараа нь бүтэн өдөр мөсөн дээр өнжинө. Долоо хоногийн зургаа нь ийм хуваарьтай. Нэг өдөр амардаг.
• Хэрэв чи уран гулгалтын тамирчин биш байсан бол?
• Өнгөрсөн олимпоор би керлинг гэдэг спортод дуртай болсон.
• 30-40 насандаа хэнтэй адилхан байхыг хүсч байна?
• Анжелина Жоли шиг эмэгтэй байхыг хүсдэг.
• Гоо сайхны хагалгааны эрх бэлэглэвэл ямар хагалгааг сонгох вэ?
• Хамар.
• Ямар хувцастай бэлтгэл хийдэг вэ?
• Хар. Яагаад гэвэл мөс цагаан шүү дээ.