Сүүлийн жилүүдэд “Наадах чинь ямар брэнд вэ“ гэх асуулт чухал биш болж харин яаж өөртөө тохируулан хувцаслаж, хэрэглэж байна вэ гэдэг илүү чухал болоод байгаа. Брэндийн шошгоноос илүү хэрэглээний ухамсар, энгийн ч гэлээ утгатай сонголтуудыг хүмүүс илүүд үздэг болж байна. Харин яагаад энэ нь илүү күүл болохыг эндээс сонирхоорой.
1. Үнэтэй хувцас сонин байхаа больсон
Удаан эдэлгээтэй, өдөр тутмын амьдралд олон янзаар өмсөж болох, хүссэнээрээ хольж сольж, өөрийн болгож болох эгэл хувцаснууд гангараа болж байна. Яг одоо “капсул шүүгээ” (capsule wardrobe) гэх ойлголт түгэн дэлгэрч байгааг дуулгах нь зүйтэй байх. 10-15 ширхэг хувцсаар бүтэн улирлын турш загварлаг явах боломжтой гэдгийг ч энэхүү ойлголт баталж байгаа билээ.

2. Хуучин хувцас хэрэглэлийг дахин ашиглах нь зөвхөн хэмнэлт төдийгүй…
Та өөртөө хэрэггүй болсон хувцсаа бусдад өгөх, эсвэл second-hand дэлгүүрээс чанартай, дахин хэрэглэх боломжтой бараа авах нь зөвхөн мөнгө хэмнэхээс гадна хог хаягдлыг бууруулах бодит алхам болох болно. Байгальдаа илүү хайртай хүмүүсийн сонголт шүү.

3. Мөнгөний зөв менежмент
Хэт үнэтэй бараа авахын тулд зээлийн карт ашиглах, хуримтлалаа үрэх нь дарамт үүсгэх эрсдэлтэй. Харин хэрэгцээгээ зөв тодорхойлж, үнэтэй биш ухаалаг сонголт хийх нь санхүүгийн хувьд өөртөө итгэлтэй байх суурь нь болж өгдөг. Бид яагаад “үнэтэй“ харагдахын тулд өөрсдийн дансаа хоослох ёстой гэж?

4. Хэрэглээндээ тохируулж худалдан авалт хийх нь күүл
Өөрт тохироогүй ч “брэнд учраас авах ёстой” гэж бодох нь хоцрогдсон хандлага болжээ. Одоо хүмүүс амьдралын хэв маягтаа нийцсэн, ажилдаа, амралтад, аялалд яг хэрэг болох зүйлсийг л сонгож байна. Өөрт зохихгүй, таараагүй олон брэндээр өөрийгөө бөмбөгдөх нь баян гэж харагдахаасаа илүү инээдтэй харагддаг болсон цаг үе аж.

5. Эко хэрэглээ бол өдөр тутмын дадал
Нэг удаагийн сав, хуванцар уутны оронд дахин ашиглах боломжтой сав, даавуун уут хэрэглэх нь таны байгаль орчинд үзүүлж буй чухал алхмуудын нэг юм шүү. Кофегоо өөрийн аягандаа авч явах нь хүртэл энгийн, бас гоё болсон цаг үе.

6. DIY болон хуучин зүйлээ дахин засварлаж хэрэглэх нь үнэхээр сонирхолтой
Урагдсан өмдийг нөхөж, хуучин хувцсаа өөрчлөн шинэ стиль гаргах нь зөвхөн бүтээлч байгаад зогсохгүй өөрийн өвөрмөц хэв маягийг бий болгох чөлөөт орон зай юм. Хүн бүрийн харааг булааж, танд ч тухтай байх болно.

7. Тогтвортой хэрэглээ таны сэтгэлийг амар амгалан байлгана
Хэрэглээний дарамтад өртөхгүй байх, шоппингийн дараа харамсахгүй байх, хувцасны шүүгээгээ онгойлгоод “яг юу өмсөх вэ?” гэж толгойгоо гашилгахгүй байх. Мөн байгаль дэлхийгээ хог хаягдалд булахгүй байх, уур амьсгалын өөрчлөлтөд өөрийн чадлаар нөлөө үзүүлж буй мэдрэмж танд хариуцлагыг мэдрүүлнэ. Энэ бүхэн эгэл хэрэглээний өгч буй жинхэнэ аз жаргал юм шүү.
