Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн нь дэлхийд тэргүүлэгч Кэмбрижийн их сургууль дахь Монгол болон Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран ажиллах санамж бичгийг 2025 оны 5 дугаар сарын 16-нд байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын орчин үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн шийдвэр гаргалтад нотолгоонд суурилсан судалгааг түлхүү ашиглах, улмаар парламентын бодлого боловсруулах үйл явцыг сайжруулахад чухал алхам болж байна.
Хамтын ажиллагааны санаачилга нь энэ оны гуравдугаар сард болсон Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи дахь айлчлалын үеэр тавигдсан бөгөөд хоёр тал ийнхүү албан ёсоор баталгаажууллаа.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Мандхай, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх, Парламентын Судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвийн захирал Д.Снийт, Профессор У.Булаг болон бусад албаны хүмүүс оролцлоо.
1986 онд байгуулагдсан Кэмбрижийн Монгол, Өвөр Ази судлалын төв нь дэлхийд Монгол судлалд зориулан дагнаж ажилладаг цөөн судалгааны төвүүдийн нэг. Тус төв нь нийгэм, антропологи, улс төр, шашин зэрэг олон салбарт гүнзгийрсэн судалгаа хийж, Монголын тухай академик ойлголт, олон улсын мэдлэгийн санд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.
Санамж бичгийн хүрээнд:
Монголын судлаачид Кэмбрижийн судалгааны төслүүдэд оролцох, хамтарсан судалгаа хийх
Судалгааны үр дүнг парламентын бодлого боловсруулах, хууль тогтоомжийн өөрчлөлтөд ашиглах
Хамтарсан бүтээл гаргах, судалгааны арга зүйн сургалт, туршлага солилцох зэргийг зорилго болгожээ.

Кэмбрижийн Монгол, Өвөр Ази судлалын тэнхимийн захирал, профессор Дэвид Снийт Монголын орчин цагийн асуудлууд буюу байгаль орчин, эдийн засаг, улс төр, нийгэм соёлын судалгааны олон төсөл, хөтөлбөр тус төвд хэрэгжиж байгааг онцоллоо. Эдгээр төсөлд Монголын судлаач, эрдэмтэд болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг дурдаж байв. Тус төвд одоогоор гурван зочин судлаач болон байнгын судлаачид Монголоос ажиллаж байгаа аж.
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь:
Монгол, Өвөр Ази судлалын төвд монгол судлаачид хамтарсан судалгаа хийх, тэдгээрийг бодлого боловсруулах, хууль тогтоомж боловсруулах түвшинд суурь судалгааны хүрээнд ашиглах боломж бүрдэж байгааг тэмдэглэж байлаа. Түүнчлэн хамтын бүтээл хийгээд зогсохгүй дэлхийд тэргүүлэгч судалгааны институцээс судалгааны арга зүйд суралцах, судлаачдаа солилцох, тэдний мэдлэг, ур чадвараас суралцах давуу талтай гэв.