Бөхчүүдэд цол чимэг олгох 2025 оны эхний наадам 6-р сарын 6-ний өдөр болох билээ.
Өмнөх жилүүдийн бүх цэргийн наадамд хүчний байгууллагуудад харьяалалтай бөхчүүд зодоглодог байсан бол өнөө жил өндөр чансаатай аймаг, цэргийн цолтнуудыг энэ барилдаанд оролцуулааар шийдсэн. Түрүү бөхийн таамагт хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Э.Баасанжав нарын сайчуул яригдаж байгаа.
Харин бид та бүхэнд эдгээр бөхчүүдийг ханаруулж, цахиур хагалах, таамаг эвдэх магадлалтай ДОЛООН бөхийг танилцуулъя.
Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь

Ө.Батсуурь өнгөрсөн жилийн заалны барилдаануудад удаа дараа тунаж, улсын цолтнуудтай өгөө, аваатай ноцолдож цолондоо багтахааргүй том барилдсан.
Улс, аймгийн өндөр цолтой энэ цагийн манлай хүчтэнүүдтэй бүгдэнтэй нь зодоглож, бас ч ихэнхийг нь давчихсан шаггүй бөх билээ. Түүнийг улсын цолны босгыг элбэг алхаж, алсдаа том амжилтад хүрнэ гэж хүлээдэг, итгэдэг хүн бишгүй л олон.
Өнгөрсөн зун тэр цол нэмэх боломжтой гурван том наадамд хүч сорихдоо гурвууланд нь гурвын даваанаа тунаж байлаа. Бүх цэргийн наадамд заан Б.Баянсүхтэй, Багахангайд арслан У.Батцоожтой, Говьсүмбэрт заан Т.Батсүрэнтэй тунаад барилдсан. Түүнийг амлах зоригтон эрс цөөн болохыг эндээс бэлхэнээ харж болох юм.
Аймгийн заан Сугирын Доржпалам

Мянган зааны барилдаанд манлайлж түрүүлсэн зартай бөх билээ. Өмнөговиос тодорч, ур чадвар нь өдрөөс өдөрт өсөн сайжирч буй идэр заан С.Доржпаламыг наадмын чимэг бөх гэж хардаг, хүлээдэг хүн олон.
Хэдий биеэр жижиг ч бэлчээр том бөх гэдэг нь гарцаагүй. Энэ хавар заалнаа гарахдаа шинэ мянганы манлай эрстэй дараалан барилдаад давсан нь түүнийг ямархан бөх вэ гэдгийг тод харуулсан юм.
Аймгийн заан Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

Чөлөөт болон үндэсний бөхөөр давхар хичээллэдэг учир хөл мэхэндээ үнэхээр гаргуун сайн бөх билээ. Жингээр л хөнгөднө үү гэхээс, сэлүүхэн талбайд сэлгэж барилдах нь гарцаагүй.
Өнгөрсөн зун олимпын дэвжээнд зодоглосон тэр Үндэсний бөхийн бэлтгэл, мэдрэмжээ ч цалгардуулалгүй заалнаа тогтмол гарч барилдсан.
Бүх цэргийн наадамд хоёр жил дараалан шөвгөрч, тэр бүрийдээ цолоо ахиулсан түүнд дутуугаа гүйцээж, арслан цол руу зүтгэх хүсэл асаж байгаа нь тодхон биз ээ.
Аймгийн заан Тоочингийн Батсүрэн

Эмнэг адуу шиг тонгочдог, зэгсэн уран, харахад урин барилдаантай бөх бол Т.Батсүрэн юм. Зааланд нэг үзүүрлэж, дүүргийн наадамд мөн нэгэнтээ үзүүрлэсэн амжилттай. Сумын заан цолоо хоёр хоногийн зайтай баталж, цэргийн начин цолоо хоёр жилийн зайтай нотолсон элбэг бөх билээ. Улмаар 2022 онд Налайхын наадамд үзүүрлэж, одоогийн цолондоо хүрсэн юм.
Аймгийн харцага Болдбаатарын Ренчинжүгдэр

Өдрөөс өдөрт чангарсаар томчуудад халгаатай сайжирч байгаа бөх бол аймгийн харцага Б.Ренчинжүгдэр юм.
Улс, аймгийн бүхий л сайчуултай зодоглоод амжсан, бас заримыг нь хаяж үзсэн билээ, тэр. Хамгийн чухал нь үнэхээр унаа холтой бөх байна лээ. П.Хүрэлбаатар арслан хаячихав уу гэмээр барьцтай ааглаж байтал хариугүй дор нь орж унасан удаатай шүү дээ.
Сумын манлай заан Батбаатарын Цагаанбанди

Сумын цол төдийгүй аймгийн цолонд ч багтахааргүй чангарч байгаа хэд хэдэн дөмөг заан бий. Тэдний манлайд Увсын Б.Цагаанбанди, Завханы Ё.Гантулга, Увсын Э.Ганболд нар яригдах нь гарцаагүй.
Б.Цагаанбанди, Ё.Гантулга нар сумын цолтнуудын заалны барилдаанаас гурван түрүүтэй бол Э.Ганболд мөнхүү наадамд хоёр түрүүлээд байна.
Сумын манлай заан Наадамбатын Батбилгүүн

Тэрбээр Батсүмбэрийнхээ наадамд гурав түрүүлсэн. Н.Батбилгүүнийг чөлөөт бөхийн U20 болон U23 ангиллын Азийн аварга гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй. Мөн хэн бүхэн түүний уран гараа, дэвээнд эрхгүй алга ташдаг билээ.
Өдгөө 21 настай тэрбээр энэ хавар сумын цолтнуудын заалны барилдаанд анх удаагаа шөвгөрсөн.
Түүнчлэн сумын заан Дэнзэншаравын Төгс-Эрдэнэг онцлохгүй байхын аргагүй. Энэ өвөл улсын цолтнуудын барилдаанд анх шөвгөрөхдөө л тэр ямархан сайн бөх болохоо харин ч бахтай тунхагласан билээ.