Баримтат кино гэгч зөвхөн бодит түүх өгүүлээд зогсохгүй, дэлхий ертөнцийн шударга бус байдал, хүмүүсийн тэвчээр ба тэмцэл, хайр ба уучлалын түүхийг бодитоор харуулдгаараа үнэ цэнтэй. Эдгээр бүтээлүүд нь хүн төрөлхтний түүхийн эмзэг, гунигтай, бас урам зоригтой хэсгүүдийг нээн харуулах болно.
1. 13th

Ава ДуВернейгийн найруулсан энэ кино нь Америкийн шоронгийн систем дэх арьс өнгөөр ялгаварлах үзлийг харуулах бөгөөд, боолчлолоос хойших хар арьстнуудын эсрэг арьс өнгөний үзэл, дарамт одоо ч үргэлжилсээр байгааг харуулна. Өнөө цагийн арьс өнгөний шударга бус байдлыг ойлгоход зайлшгүй үзэх хэрэгтэй бүтээл.
2. The Three Deaths Of Marisela Escobedo

Охиноо алдаж, алуурчныг олж, шийтгүүлэхийн төлөө тэмцсэн сувилагч Марисела Эскобедогийн гунигт түүхийг харуулдаг. Мексикийн шүүхийн тогтолцооны завхрал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тухай үнэн зөв дуу хоолой болсон энэхүү баримтат кино нь уур хүргэм боловч бас нэгийг ухааруулна.
3. Procession

Католик сүмийн лам нарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн зургаан эрийн түүхийг өгүүлэх энэ кинонд тэд өөрсдийн түүхийг дахин бүтээж, сэтгэл заслын нэгэн хэлбэр болгон ашигладаг. Үзэгчдэд ихээхэн эмзэглэл төрүүлэх энэ бүтээл нь эдгэрэл, уучлалын тухай гүн гүнзгий өгүүлж чаджээ.
4. The Trials of Gabriel Fernández

Найман настай хүү Габриель Фернандезийн харамсалтай хэргийн тухай энэ баримтат цувралд хүүхдийн эсрэг үйлдэж буй эцэг эхийн харгислал, түүнийг хамгаалах ёстой байсан системийн алдаа эндэгдэл, хариуцлагагүй байдлын тухай харуулдаг.
5. Born In Gaza

Израиль-Палестины мөргөлдөөн дунд өсөж буй Газа дахь хүүхдүүдийн амьдралыг өгүүлдэг. Хүүхдийн нүдээр дайны харгис байдлыг харуулсан энэ бүтээл нь хүнд, сэтгэл хөдөлгөм боловч зайлшгүй үзэх ёстой кинонуудын нэг юм.
6. Dick Johnson Is Dead

Эцэг нь нас барах өдөртөө бага багаар ойртсоор байх бөгөөд кино бүтээгч охин нь аавынхаа үхлийг янз бүрийн байдлаар төсөөлөн бүтээж, хоорондоо тэрхүү үйл явдлыг хүлээн зөвшөөрч, даван гарах гэж хичээж буй тухай өгүүлнэ.
7. Crip Camp

Обамагийн гэр бүлийн продюсерлосон энэ кино нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зуслан болох Camp Jened-ийн бодит түүхийг харуулж, тэнд амарсан өсвөр насныхны насанд хүрснийхээ дараа эхлүүлсэн хүний эрхийн тэмцлийг өгүүлдэг. Эрх мэдэлтнүүдийн хайхрамжгүй байдалтай тэмцэж буй түүх нь урам зоригтой атлаа зүрх шимшрэм.
8. A Secret Love

2020 онд гарсан энэхүү баримтат кино нь LGBTQ+ хос болох Терри Донахью, Пат Хеншел нарын 70 жилийн турш нууцалсан хайр дурлалын тухай өгүүлдэг. Тэдний түүх нь хайрын хүч агаад, нийгмийн ялгаварлан гадуурхалтыг зэрэгцүүлэн харуулсан сэтгэл хөдөлгөм бүтээл юм.