Д.Сүхбаатарын талбайн хоёр талын нийт 5012 ам метр явган замыг шинэчилж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил хийгдэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замууд шинэчилж байгаа юм. Зарим гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь өөрсдийн үйлдвэрлэсэн хавтгангаа ашиглаж байна. Чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүйг албаныхан хэлдэг.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд авто зам шинэчилсэн бөгөөд эдгээр байршлын зургаан гол гудамжны явган хүний замыг шинэчилж байна. Туслах гудамж замуудын явган хүний замын нөхөн сэргээлтийг асфальт бетоноор хучиж байгаа. Ингэхдээ дугуй, скүүтертэй болон тэргэнцэртэй иргэд зорчих тэмдэглэгээг хийж байна. Харин хотын гол гудамж буюу төвийн хэсгийн явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Зарим байршилд замын доорх инженерийн шугам сүлжээний өргөтгөл хийдэг учраас иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр хэлж байв.