Хүүхдээ хэт хамгаалж, бүхнийг оронд нь шийдэж өгдөг “helicopter parent” буюу хэт хяналттай эцэг эхийн 8 шинжийг эндээс уншаарай. Энэ хандлага хүүхдийн бие даах чадварт хэрхэн нөлөөлдөг талаар та бүхэнд хуваалцаж байна.
"Helicopter parent" гэж хэн бэ?
Сүүлийн жилүүдэд олон эцэг эх хүүхдийнхээ боловсрол, нийгмийн харилцаа, аюулгүй байдалд хэт анхаарч, бүхнийг хяналтдаа байлгах хандлагатай болжээ. Ийм төрлийн эцэг эхчүүдийг англиар “helicopter parents” буюу “нисдэг тэрэг шиг эргэлдэгч эцэг эх” хэмээн нэрлэдэг.

Энэ нь хайр халамжаасаа хэтэрч, хүүхдийн бие даасан байдал, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлдөг сэтгэл зүйн хандлага юм. Эцэг эх өөрийгөө сайн эцэг эх гэж боддог ч үнэндээ хүүхдийг “бэлтгэлгүй том хүн” болгон төлөвшүүлэх эрсдэлтэй.
Helicopter эцэг эхийн 8 нийтлэг шинж
1. Хүүхдийн оронд бүхнийг шийдвэрлэнэ
Хүүхдийн хийх ёстой сонголт, шийдвэрийг өөрөө гаргаж, бие даах орон зай өгөхгүй.
2. Алдаанаас хэт их айдаг
Хүүхдээ ямар ч эрсдэлгүй байлгахыг хүсэж, туршлага хуримтлуулах оролдлогыг нь тасалдуулдаг.
3. Байнга хянаж, хувийн орон зайг нь үгүйсгэнэ
Мессэж, дуудлага, сошиал орчин, найз нөхөд, сургуулийн орчин гээд бүхэнд хяналт тавьдаг.

4. Хэтэрхий шахуу төлөвлөгөө
Хүүхдийн хобби, амралт, хичээл гээд бүхнийг эцэг эх нь л удирдана. Үүнээс үүдэн хүүхдэд амрах, өөртөө зарцуулах цаг олдохгүй байх нь их.
5. Сөрөг мэдрэмжээс нь хамгаална гэж боддог ч үнэндээ…
Гомдол, урам хугаралт гэх мэт сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхгүй байхыг хичээдэг. Тиймдээ ч сөрөг мэдрэмжээ дарах гэж оролдсон хүүхдүүд эцсийн дүндээ хүмүүстэй харилцах, мэдрэмж тал дээр асуудалтай болох нь бий.

6. Сургууль, багш, найз нөхөд гэх зүйлсэд байнга оролцоно
Жижиг асуудлыг ч эцэг эх нь шийдэхийг хичээдэг. Бүр сургуулийн жижигхэн арга хэмжээ, хөтөлбөрт ч өмнүүр нь орж, төлөвлөж, хийж явдаг.
7. “Төгс байх” шаардлага тавьдаг
Өндөр хүлээлт тавьж, амжилт руу шахаж, хүүхдийн өөрийн сонирхлыг үл тоодог.
8. Хүүхэдтэйгээ хэт нэгдмэл мэдрэмжтэй байдаг
Хүүхдийн амжилт, аз жаргалыг өөрийн амжилтаар, мөн өөрийн амжилтыг хүүхдийнхээрээ хэмждэг. Энэ нь хэт хамааралтай байдал, дарамж үүсгэх хандлагатай.

Хэт хяналтын сөрөг нөлөө
Бие даах чадвар султай, шийдвэр гаргаж чаддаггүй хүн болно
Сэтгэл зүйн хувьд хэт эмзэг, өөртөө итгэлгүй болж төлөвшинө
Стресс, түгшүүр, perfectionism буюу төгс байдалд донтох магадлал нэмэгдэнэ
Бусдын хяналтгүй орчинд өөрийгөө олох чадваргүй болдог

Хүүхдэд орон зай, итгэл хэрэгтэй
Хүүхдээ хайрлана гэдэг нь бүхнийг оронд нь хийх биш. Харин ч тэдэнд алдах боломж, сорилттой нүүр тулгарах эрх, өөрийнхөөрөө байж сурах орон зай олгох нь жинхэнэ хайр юм.
Тэдний амьдралд хэтэрхий “нисэх” биш, хажууд нь итгэлтэйгээр алхахыг сонгоорой.
