Таиландын Лопбури хотын сармагчнууд сүүлийн хэдэн жилийн турш бараг домог болтлоо яригдсан билээ. 2020 оноос эхлэн тэдний талаар дэлхийн хэвлэл завсар зайгүй мэдээллэж байсан юм. Макаки бич бүлгээр ажилладаг, жинхэнэ дээрэмчид байлаа.

Хүмүүст халдаж, гэр орон сүйтгэж, эд зүйлс, хоол хулгайлна. Нэг удаа хотын Цагдаагийн газрыг эзлэх гэж оролдсон гэж байгаа.

Энэ дээрмийн бүлгийг номхруулах амаргүй ажил байлаа. Тэд Лопбури хотыг атгандаа оруулж, иргэдийг нь айлган чичрүүлж байсан юм.

Коронавирус цар тахлаар хаагдахаас өмнө хотынхон урт сүүлт макаки сармагчиндаа хоол тэжээл байнга өгдөг байлаа. Нийслэл Бангкокоос гурван цагийн зайтай орших Лопбуриг сармагчны хот гэж нэрлэнэ. Нутгийн аялал жуулчлалын нэгэн бэлгэ тэмдэг болсон сармагчинд зориулан, жил бүр жимсний найр зохион байгуулдаг байв. Найрт оролцохоор гадаад, дотоодын жуулчид ирнэ.

2022 оны дундуур цар тахлын хориг цуцлагдахад Лопбури хотынхон хүнтэй харилцаагүй байсан сармагчнууд жинхэнэ зэрлэгшсэн болохыг олж мэджээ. Тэд сүргээрээ довтолж, байшин, барилгыг эзлэн авч байв. Хүмүүсийн хоол хүнсийг хулгайлж, машины осол гарах гол шалтгаан нь болж байв.

Тэд яг л мафийн бүлэг мэт бөөнөөрөө явж, бүтэн гудамж, хорооллыг эзлэн, зарим хүмүүсийг орон байрнаас нь хөөн гаргаж байлаа.

Хүмүүс цонх, үүдээ хааж, тороор хамгаалдаг боллоо.

Жижигхэн хүүхэд, настан буурлууд төдийгүй цагдаа нар ч сармагчин айлгах чавх авч явдаг болжээ.

Хотын байдлыг хянаж байгаа “Ecoexist Society” байгууллагын эрдэмтэн Висарут Сомнгам “Тэд ямар ч хамаагүй арга хэрэглэн, хулгай, дээрэм хийдэг. Макаки нар гарт байгаа юуг ч булаан авч чадна. Хоол хүнс, гар утас дээрэмдэх нь захын хэрэг” гэж ярьж байна.

2024 оны эхээр байдал хүндэрлээ. Макаки сармагчнууд хотын бүрэн эзэн болжээ. Хүмүүс тэднээс айгаад гадагш гарахаа болив. Сүрэг сүргээрээ гудамжинд зодоон хийх тул машин тээвэр бүрэн зогсоно.

Анчин гаргаж, бөөнөөр нь барьж эхэлсэн ч ямар ч цоожтой газраас гараад зугтчихна. Дээр нь өс хонзон санана гэж аймшигтай.

Баригдаад зугтсан сармагчнууд нийлээд ойрын байшин, цагдаагийн газрыг будаа болтол нь сүйтгэж байлаа.

Иргэдээс ирэх гомдлын тоо хэдэн мянгаар тогтохоо больсон тул Засгийн газраас арга хэмжээ авахаас өөр аргагүй болов.

Макаки бичийг бөөнөөр нь барин, засаж, хөнгөлөн, үржил зогсоох арга хэмжээ авч эхэллээ.

Мөн хаалттай, тусгай барилгад бөөнөөр нь хорьж эхэлсэн байна.

Засгийн газраас дайн зарлаад таван сар тэмцсэний эцэст Лопбури хотыг сармагчны дарлалаас чөлөөлж чаджээ.

Одоогийн байдлаар 1,6 мянган сармагчныг хориод байна.


Амьтны эрх хамгаалагч байгууллагууд үржил зогсоох мэс ажилбарыг дэмжиж байгаа ч торонд хорихыг эсэргүүцэж байна.

Тэд эрх чөлөөт амьтныг хорьж байгаа нь хууль бус хэмээн шүүхэд ханджээ.

Харин хотын иргэдийн хувьд гудамжаар тайван алхаж чадах болсон нь жинхэнэ аз жаргал байлаа.

Ихэнх сармагчин хорионд орсон тул иргэдийн амьдрал тайван боллоо. “Сармагчнаас айгаад хэн ч манай дэлгүүрт ирэхгүй болсноор яг дампуурах гэж байлаа. Азаар одоо бизнес маань аврагдлаа” гэж цагчин Чалит Нитиакрам ярьж байна.

Гэхдээ сармагчинд дуртай хүн ч цөөнгүй. Макакид хоол тэжээл өгдөг нэгэн эмэгтэй “Сармагчин бол манай хотын онцлог, бэлгэ тэмдэг. Жуулчид ирээд зураг авхуулж яагаад болохгүй гэж. Одоо хэдхэн зуу л үлдсэн” гэж ярьж байлаа.

