Гадаад улсууд дахь АНУ-ын Консулын газруудад Төрийн департаментаас нэгэн заавар ирсэн нь оюутны виз авах хүсэлтэй хүмүүстэй ярилцлага товлохгүй байхыг анхааруулсан бичиг байлаа. Тэдний олон нийтийн сүлжээг маш сайтар шалгаж үзэх хүртэл оюутны виз олгохгүй гэнэ.
Юу тохиолдов?
Энэ сарын 27-ны Мягмар гарагт “Politico” хамгийн түрүүнд Дональд Трампын Засгийн газраас илгээсэн зааврын талаар мэдээлсэн. Тус зааварт “Одоогоос эхлэн виз хүсэгчдийн олон нийтийн сүлжээг сайн шалгаж дуусах хүртэл оюутан болон солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүмүүстэй ярилцлага товлохыг зогсоож байна. Ойрын өдрүүдэд шинэ заавар ирэх болно” гэж бичсэн байжээ. Ингэснээр Консулын газруудад сүлжээ шалгах шинэ орон тоо, албан тушаал гарах төлөвтэй байна.
Төрийн департаментаас албан ёсны мэдээлэл гаргаагүй ч хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс АНУ нь ирэх хүсэлтэй байгаа хүмүүсийг бүх талаас нь нарийн шалгаж байх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг нотолсон юм. Гадаадын оюутнууд ирэх намар хичээлийн шинэ жилээс өмнө виз авч чадах эсэх талаар Брюс “Бид оюутан төдийгүй бусад визээр АНУ-д ирэх хүмүүсийг бүгдийг нь шалгадаг болно. Хэрэв та оюутны виз хүссэн өргөдөл гаргах гэж байгаа бол шалгуулна гэдэгтээ бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж хариулсан юм. Associated Press агентлагийн мэдээлснээр визийн цаг авсан байсан оюутнуудад шинэ журам үйлчлэхгүй гэжээ.
Ямар виз хамаарч байна вэ?
Шинэ зааварт F, J, М гэсэн гурван төрлийн виз хамаарч байна. F нь сургууль, коллеж, их сургууль, хэлний дамжаанд суралцах хүмүүст зориулагдсан виз.
M виз нь зуны сургууль зэрэг мэргэжлийн сургалтын виз. Харин J виз нь мэргэжил дээшлүүлэх, урилгаар ажиллах эрдэмтэн, профессор болон Work& Travel төсөл, АНУ-ын Засгийн газрын ивээн тэтгэсэн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн виз юм. Энэ гурван виз нь тухайн оюутан, солилцооны хөтөлбөрт оролцогчдод гэр бүлээ авч ирэхийг зөвшөөрдөг төрөл юм.

Оюутнуудыг хэрхэн шалгах вэ?
АНУ-д оюутны виз авахыг хүссэн хүмүүс тухайн сургуулиасаа баримт авч, DS-160 анкет бөглөх учиртай. Ингээд ярилцлагад орно. Зарим тохиолдолд ярилцлагын дараа нэмэлт шалгалт явуулдаг бөгөөд олон сар ч үргэлжлэх боломжтой. 2019 оноос эхлэн цагаачлалын бус виз хүссэн бүх хүн олон нийтийн сүлжээн дэх аккаунтаа заавал заах шаардлагатай болсон билээ. Энэ бүх аккаунтыг яаж шалгах нь тодорхой бус байна.
Яагаад оюутны визийг зогсоов?
Дональд Трамп зүүн либерал үзлийг хөхүүлэн дэмжиж байгаа их, дээд сургуулиудтай тэмцэж байгаа. Түүний хамгийн том бай нь Харвардын их сургууль болсон. Учир нь энэ сургуульд Палестиныг дэмжих эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Өнгөрсөн 3-4 дүгээр сард Засгийн газраас Колумби, Принстон, Корнелл зэрэг том их сургуулиудын санхүүжилтийг зогсоосон. Мөн хэдэн арван их сургуульд .санхүүжилт авахыг хүсвэл биелүүлэх ёстой шаардлагуудыг илгээсэн байлаа. Харин Харвардын их сургууль энэ шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан. Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер “Манай сургууль эрх чөлөөгөө золиослохгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх болно” гэж мэдэгдсэн ч дотоод шалгалт явуулж, Израилын эсрэг, Исламын эсрэг үйл явдал гаргасныхаа төлөө хүлцэл өчсөн юм.

Гэвч Трамп санхүүжилт зогсоогоод зогссонгүй, гадаадаас оюутан хүлээн авахыг хориглосон шийдвэр гаргасныг одоо Харвард шүүх дээр эсэргүүцэн заргалдаж байгаа билээ. Трампын засгийн газар их сургуулиас гадна тодорхой зарим оюутнуудтай тэмцэж эхэлсэн. Жишээ нь, Израилын Газын зурваст хийж байгаа дайныг эсэргүүцсэн Колумбийн их сургуулийн оюутан Махмуд Халил байна. Түүнийг гуравдугаар сард баривчилж, дөрөвдүгээр сард Америкаас гаргах шийдвэр гарсан. Гэхдээ Халил АНУ-д оюутны визээр биш грин-картаар оршин сууж байгаа. Учир нь түүний гэргий нь АНУ-ын иргэн юм. Түүний шүүх хурал үргэлжилж байна. Ер нь Палестиныг дэмжсэн жагсаалд оролцсон маш олон оюутныг саатуулсан мэдээлэл бий. АНУ-ын Засгийн газраас оюутны визийг хураан авах шалтгаан, нөхцөлийн тоог нэмсэн.

2023 оны тоо баримтаар АНУ-ын сургуульд F, M визтэй 1,5 сая гадаад оюутан байна. Энэ нь 2022 оныхоос 10,4% илүү байгаа юм. Олон улсын NAFSA холбооны мэдээллээр 2023-2024 онд гадаадын оюутнууд АНУ-ын эдийн засагт 43,8 тэрбум ам.доллар оруулж, тэдний ачаар 378 мянган ажлын байр гарсан байна. Хятад, Энэтхэгээс АНУ-д хамгийн олон оюутан ирдэг. Illinois Institute of Technology сургуулийн оюутнуудын 51 хувь нь гадаад оюутан байгаа бол Колумбийн их сургуульд энэ тоо 40%, Харвардад 28%, Берклид 17% байна.
Трампын энэ алхмыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдох улс орон ч гарч байна. Японы Засгийн газраас АНУ-аас хөөгдсөн, шахагдсан гадаад оюутнуудыг хүлээн авах боломжийг судлахыг их, дээд сургуулиуддаа үүрэг болгосон. Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль Харвардын оюутнуудыг сургуульдаа урьжээ.