ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн бэлэвсэн гэргийг хүлээн авч, уулзлаа. Тэрээр Акиэ Абэд цэцгийн баглаа бэлэглэж, дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Путин “Таны нөхөр Орос, Японы харилцааг сайжруулахад маш их зүйл хийсэн. Бид хоёр тун дотно харилцаатай байсан. Шинзо Абэ үнэн сэтгэлээсээ хоёр орны харилцааг сэргээхээр хичээж байгааг би мэддэг байсан. Бид түүнд их талархаж байдаг. Түүний ажил, үйл хэргийг Орост байнга дурсаж байдаг” хэмээн хэлж, Акиэ Абэ нулимс дусгасан байна.

Уулзалтын дараа Акиэ Абэ ерөнхийлөгчийн “Аурус” машинаар Их Театрт хүргүүлэн, тоглолт үзсэн байна.

Шинзо Абэ 2022 оны долоодугаар сарын 8-нд Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр буудуулж, амиа алдсан. Тэрээр 2006-2007, 2012-2020 онуудад хоёр удаа Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Путинтэй нийт 27 удаа уулзаж байжээ. Тэд хамтдаа жүдо бөхийн тэмцээн үзэж, тун ойр харилцаатай байсан юм.