Өнөөдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат агсны гэрэлт хөшөө сүндэрлэсэн билээ.
Уг хөшөөний нээлтийн ёслолд Үндэсний бөхийн аваргууд оролцсон.
Аварга Ч.Санжаадамба энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны Үндэсний Их баяр наадамд зодоглосон билээ.
-Та барилдахаа болиод цөөнгүй жилийг үдлээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадамд зодоглох уу?
-Би барилдалгүй 5-6 жил болж байна. Ахин барилдах маань ч бараг худлаа байх гэж боддог.
-Энэ жилийн наадмын өнгийг хэрхэн шинжиж байна, ямар бөх түрүүлэх бол?
-Монгол бөхийнхөө дэг жаягыг дагасан, хөдөлмөрлөсөн, зөв зан төлөвшилтэй, эрэмбэ, ёс жудгийг дээдэлсэн залуучуудын маань нэг нь л түрүүлнэ гэж хардаг.
-Цэнгэлдэх хүрээлэнд ахин хиймэл зүлэг дэвсэж байгаа. Энэ талаар?
-Ер нь би Цэнгэлдэхийн зүлэгийг солиход анхнаас нь эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг. Халуун наранд хиймэл зүлгэн дээр барилдахад ам хатаад хэцүү байдаг. Өнгөрсөн жил өчнөөн сайхан залуучууд маань бэртэж, гэмтсэн шүү дээ. Төв Цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээг бөх мэддэг, барилддаг, бөхдөө ээлтэй хүн цэгцлэх хэрэгтэй. Арван жилийн хугацаанд тууштай хөдөлмөрлөж байж сая Улсын наадмын дээд даваанд барилдах хэмжээнд ирдэг. Тэр олон жилийн хөдөлмөрийг бөх мэдэхгүй нэг хүн гялгар уут дэвсээд хийсгэж байгааг харахад хайран л санагдаж байна. Үндэсний бөхийн холбоо, бөхчүүд маань өөрсдийнхөө төлөө, бусдынхаа төлөө, үнэний төлөө үгээ хэлж, тууштай тэмцээсэй л гэж боддог.
