UBLife Logo
Спорт

Спорт загасчлалын “HeyBro Cup” тэмцээн VI сарын 27-29-ний өдрүүдээр Хэрлэн голын хөвөөнд болно

Ub.life
Ub.life
Спорт загасчлалын “HeyBro Cup” тэмцээн VI сарын 27-29-ний өдрүүдээр Хэрлэн голын хөвөөнд болно

Монголд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй спорт загасчлалын төрлөөрх ээлжит томоохон тэмцээний тов зарлагджээ.

Хоёр жил тутамд явагддаг уламжлалт “HeyBro Cup” тэмцээнийг VI сарын 27-29-ний өдрүүдээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хэрлэн голын хөвөөнөө зохион байгуулах аж.

Монголын спорт загасчлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн Ганболдын Билгүүн агсны нэрэмжит энэхүү тэмцээн өнөө жил гурав дахь удаагаа болох гэж байгаа нь энэ.

Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн спортын уралдаанаар хязгаарлагдахгүй, Монголын флай фишингийн ур чадвар, эв нэгдэл, байгальд хандах хандлагыг нэгтгэсэн томоохон арга хэмжээ гэдгээрээ онцгой үнэ цэнтэй билээ.

Тэмцээний үеэр загасыг барьж амьдруулагч торонд хийж гэмтээхгүйгээр буцаах “бариад тавь” дүрэм мөрдөгдөх бөгөөд оролцогчдоос хог хаягдлаа цэвэрлэх үүднээс хогны сугалаа явуулах зэрэг байгаль орчинд ээлтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Тэмцээний хувийн дүнгээр 1-3 дугаар байр эзэлсэн тамирчид медаль, ерөнхий ивээн тэтгэгчийн шагнал гардах юм. Нэгдүгээр байр эзэлсэн тамирчин "HeyBro Cup" цомын эзэн болно.

Тэмцээнд оролцох сонирхолтой хувь хүн 200,000₮, баг 400,000₮-ийн хураамж төлөх агаад 5-р сарын 14-өөс 6-р сарын 14-ний өдрүүдээр бүртгэлд хамрагдах боломжтой.

HeyBro Cup-ийг хойшид олон улсын хэмжээний тэмцээн болгож өргөжүүлэх, мэргэжлийн тамирчдыг урьж сургалт хөтөлбөр явуулах зорилготой гэдгээ зохион байгуулагчид онцолж байна. Тэмцээний эхний 10 байрт шалгарсан тамирчдад спортын цол, зэргийн оноог олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/khadransfc

Бүртгэл: https://tinyurl.com/HeyBroCup

Ерөнхий зохион байгуулагч: “Хадран” спорт загасчлалын клуб


-Энэ тэмцээнд баримтлах дүрэм, журмын талаар танилцуулаач?

-Флай фишингийн төрөлд өрсөлдөх багууд хоёр хүнтэй оролцдог. Мэргэжлийн тамирчид төдийгүй сонирхогчид ч уг тэмцээнд оролцсоноор хувийн туршлага, ур чадвараа сайжруулах бололцоотой юм. Манай тэмцээний зорилго бол дэлхийн "FIPS-MOUCHE" дүрмээр тамирчдаа бэлтгэж, олон улсын тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх явдал юм.

-Г.Билгүүн агсны нэрэмжит байдлаар уг тэмцээнийг зохион байгуулдаг байх аа?

-Г.Билгүүн агсан Монголын анхны спортын мастеруудын нэг бөгөөд Хадран клубийг үүсгэн байгуулсан. Түүний хувьд, Монголд флай фишингийн загасчлалыг хөгжүүлж, энэ спортыг олон нийтэд таниулсан төдийгүй залуу үеийнхний хөгжих явцад үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний байнга хэрэглэдэг "Hey bro!" мэндчилгээнээс улбаалан тэмцээний нэрийг "HeyBro Cup" гэж нэрлэсэн юм, бид.

-Шагналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тэмцээний зохион байгуулалтад шагналын сан маш чухал үүрэгтэй. “Avandra” компани ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, Монголын спорт загасчлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Дэмжигч байгууллагууд тамирчдыг гарын бэлэг, эрхийн бичиг, техник хэрэгсэл болон бусад нөөцөөр дэмжиж, тэмцээнийг амжилттай зохион байгуулахад тусалж байгаа юм.

-Энэ тэмцээн Монголын загасчлалын спортод ямар ач холбогдолтой вэ?

-Тэмцээн тамирчид болон сонирхогчдод загас бариад суллах буюу байгальд ээлтэй загасчлалыг сурталчлах, эх дэлхийгээ хайрлах, зүй зохистой аялах, амрах чөлөөт цагийг зөв өнгөрөөх зорилготой. Мод тарих санаачилга гарган, тэмцээнд оролцож буй клуб, тамирчдаар мод тарих ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.