АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон алдарт зохиолч Жеймс Паттерсон нарын хамтран бичсэн гурав дахь ном хэвлэгдэн гарлаа.
Клинтон, Паттерсон нарын хамтрал улс төр доторх бодит амьдралыг уран зохиолтой хослуулснаараа онцлогтой. Тэд бичих явцдаа гар бичмэлээ хоорондоо солилцож, зохиолын утга агуулга, дүрүүдийг нарийвчлан авч үзэхийг зорьдог байжээ.
Номуудын тухайд:
The President Is Missing (2018)

Энэ нь Билл Клинтоны зохиосон анхны уран зохиол бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч гэнэтийн байдлаар алга болсноор Ерөнхийлөгчийн хувийн амьдрал, улс төрийн шийдвэр, аюултай нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг дүрсэлсэн байна. Тус ном нь дэлхий даяар 1 сая гаруй хувь зарагджээ.
The President's Daughter (2021)

Энэхүү ном нь АНУ-ын Ерөнхийлөгчийн охиныг барьцаалсан талаарх түүхийг өгүүлдэг.
The First Gentleman (2025)

Тэдний хамтран бичсэн сүүлийн ном 2025 оны 6-р сарын 2-нд хэвлэгдсэн бөгөөд АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Мадлин Райт болон түүний нөхөр Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн од Коул Райт нарын тухай өгүүлдэг. Коул хөгжөөн дэмжигч бүсгүйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхэд татагдан, гэрч, мөрдөн байцаагчдын мөрөөр цаашлаад ямар сэтгэл хөдөлгөм үйл явдлууд, эргэлзээтэй дүрүүдээр үйл явдал өрнөхийг уншигч та л мэднэ.
Тэдний хамтран бичсэн номууд олон улсад амжилттай худалдаалагдаж, бестселлер жагсаалтад багтаад буй. "The First Gentleman" ном 2025 оны 6-р сарын 4-ны байдлаар “Apple Books”-ийн АНУ-ын шилдэг 10 номын жагсаалтад борлуулалтаараа тэргүүлээд байна.
Улс төрийн триллер жанрыг сонирхдог уншигчдад эдгээр номууд нь бодит мэдлэг, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд, эргэлзээтэй дүрүүдээр дүүрэн бөгөөд уншихад тун сонирхолтой байх болно.