Английн “Челси” клуб өдгөө Премьер лигийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг билээ.
Тэд саяхан “Ипсвич Таун”-ы довтлогч Лиам Делапыг 30 сая фунтээр худалдаж авлаа. Улмаар 22 настай Делаптай 6 жилийн гэрээг үзэглэв.
Тэрбээр өнгөрсөн улиралд Премьер лигийн 37 тоглолтод оролцож, 12 гоолыг оруулсан.
Түүний хувьд, “Манчестер Сити”-гийн академиас тодорсон агаад 2024 онд “Ипсвич” рүү буурь сэлгэхдээ 20 сая фунтээр үнэлэгдсэн. Харин үүнээс өмнө “Сток”, “Престон”, “Халл Сити” клубүүдэд зээллэгээр тоглоод амжсан юм.
Делап “Манчестер Сити”-гийн өмнөөс Премьер лигийн ердөө хоёр тоглолтод оролцсон байдаг.
Түүний аав Бүгд Найрамдах Ирландын шигшээ багийн хуучин тоглогч Рори Делап билээ.
“Челси” энэ улирлыг Европын Конференц лигийн цомтойгоор үдсэн. Тэд ирэх улирлын Аваргуудын лигт өрсөлдөх юм. Иймээс Делапийн хувьд, 2022 онд “Манчестер Сити”-гийн төлөө ганцхан удаа тоглосон Аваргуудын лигтээ ахин хүч сорих бололцоо нээгдэж байна.
Тэрбээр энэ сарын сүүлчээр Словени улсад болох 21 хүртэлх насныхны Европын АШТ-д оролцох магадлалтай. Бас 6-р сарын 14-нөөс 7-р сарын 13-ны өдрүүдээр АНУ-д явагдах клубүүдийн ДАШТ-д өрсөлдөх сонголт ч түүнд бий.
“Челси”-гийн бүрэлдэхүүнээс Коул Палмер өнгөрсөн улирлын Премьер лигт 15 гоол оруулсан. Харин довтлогчдоос нь Николас Жексон 30 тоглолтод оролцоод 10 гоол, Кристофер Нкунку 27 тоглолтод 3 гоол, Марк Гуйу 3 тоглолт гарахдаа гоол оруулаагүй юм. Иймээс л тэд онцолж довтлогчийн байрлалдаа хүч нэмлээ.
