UBLife Logo
Дэлхий

Иранд нохой салхилуулах нь эсэргүүцлийн хэлбэр боллоо

Иранд нохой салхилуулах нь эсэргүүцлийн хэлбэр боллоо

Ираны 18 хот нохой салхилуулахыг хуулиар хориглолоо. Нийслэл Тегеран хот 2019 оноос ийм хориг тавиад байсан бол энэ удаад нохой салхинд гаргахаас гадна тээврийн хэрэгслээр зөөхийг ч хориглон, зогсоолоо.

1979 оны Исламын хувьсгалаас хойш Ираны Засгийн газраас нохойг “бохир” амьтан гэж тооцдог болсон бөгөөд нохой тэжээх нь Барууны орнуудын нөлөө гэж үздэг болсон юм. Ираны хуулиар нохой тэжээхийг албан ёсоор хориглоогүй ч гэрт амьтан тэжээхэд маш их саад учруулдаг болсон билээ.

2010 онд Ираны Соёлын яамнаас нохой, муурын тэжээл сурталчлахыг хориглосон. 2014 онд Ираны парламентын депутатууд нохой салхилуулж яваа хүмүүсийг торгох, нийтийн өмнө зодох хуулийн төсөл дэвшүүлсэн ч батлагдаагүй юм.

Ираны хотууд энэ Ням гаригаас эхлэн нохойтой хүмүүсийн эсрэг хуулийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ. Хамедан хотын захирагч Аббас Нажафи сэтгүүлчдэд “Нохой салхилуулах нь нийгмийн амгалан байдлыг алдагдуулж, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна” гэж мэдээлсэн байна.

Зөнч Мухаммедын хэлсэн “Бурхан нохойтой айлд ордоггүй” гэсэн үгийг эшлэл болгон тэмдэглэж эхэллээ. Ираны аятолла Али Хаменеи энэ талаар “Мал маллах, ан агнуур, хамгаалалтаас бусад зорилгоор нохойтой байхыг Исламын хуулиар хориглодог” гэж мэдэгдсэн удаатай.

Гэвч Иранд нохой тэжээдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ялангуяа хотын залуучууд хүний хувийн эрх чөлөөнд халдаж байгаа Засгийн газрын эсрэг тэмцлийн нэг хэлбэр болгон нохой тэжээдэг болоод байна. Төрийн мэдээллийн Borna агентлагийн мэдээллээр одоо Иранд арван хүний нэг нь нохой, эсвэл муур тэжээж байгаа. Тэд нохойгоо тэжээсээр, салхинд гаргаж, зугаалуулсаар байгаа нь эсэргүүцлийн нэгэн тод хэлбэр. Зарим хүн харанхуй шөнө салхинд гаргадаг бол нэг хэсэг нь машинаар хотоос гарч, зугаалуулдаг болжээ.

Хэрэв энэ хоригийг цуцлахгүй бол тогтворгүй байгаа Иранд бас нэгэн эсэргүүцэл өрнөх шалтгаан нь нохой болж магадгүй юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.254.209.4
Ямар тэнэг улс гээч вээ