ОХУ-ын ихэнх муж, Беларусьт төмсний хомсдол үүсээд байгаа юм. Тиймээс Буриад манайхаас төмс авсан юм. Тавдугаар сарын сүүлээр Монгол улс Буриадад 4251 тонн төмс нийлүүлснээс 4107,3 тонн Улаан-Үдэд, 84 тонныг Эрхүү, 60 тонныг Свердловск авчээ. Энэ нь буриад тариаланч нарт таалагдсангүй. Буриадын алдартай тариаланч, “Россельхозцентр”-ийн Буриад дахь захирал Намжил Мардваев “Энэ мэдээг сонсоод үнэхээр сэтгэл гутарлаа. Монголчууд 1960-аад оноос төмс тарьж эхэлсэн бол Буриадад төмс тариалаад 300 жил болж байна. Монголчууд хэдэн зуун жил манайхаас төмс авдаг байлаа. Дөнгөж өчигдөр төмс тарьж эхэлсэн тэд одоо бидэнд төмс зардаг болжээ. Энэ бол ёстой л “Аавдаа адуу манахыг заана” гэдэг тохиолдол болж байна” гэж бичсэн юм.

Ингээд Буриадын ХААЯ-наас байдлыг судалж, хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд оролцсон Намжил Мардваев “Монгол төмсний талаар бичсэн миний пост Буриадад энэ талаар хэлэлцэхэд хүргэснээс гадна Монголын засгийн газрын шийдвэрт нөлөөллөө. Өчигдөр манай найз, монгол тариаланч надтай утсаар ярьж, “Намжил аа, чи яах гэж төмсний пост олон нийтийн сүлжээнд оруулав” гэж уурлалаа. Би энэ талаар ВКонтакте сүлжээндээ л бичсэн. Тэгвэл энэ асуудал шийдэгдчихлээ. Өчигдрийн ярьсан найзын маань хэлснээр Монголын Засгийн газар миний постыг уншиж үзээд Буриадад төмс гарахыг хориглосон гэнэ. Ингээд шинэ ургац гартал бид монгол төмсгүй хоцорлоо. Гэхдээ ганц сайн тал байгаа нь буриад тариаланчид төмс тариалах талбайгаа ирэх жилээс нэиэгдүүлэх боллоо” гэж хэлсэн байна.