UBLife Logo
Дэлхий

Лос-Анжелест болж байгаа үймээн АНУ-ыг өөрчлөх үү?

Лос-Анжелест болж байгаа үймээн АНУ-ыг өөрчлөх үү?

Америкийн Лос-Анжелест олон нийтийн хамарсан үймээн дэгдээд 6 хоног өнгөрлөө. Хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааны эсрэг хотын иргэдийн хийсэн жагсаал удалгүй цагдаа нартай хийсэн мөргөлдөөн, үймээн самуун болон хувирсан. Хотын захиргаанаас зогоож дийлээгүй тул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хотод Үндэсний гвардийн цэргүүдийг дэг журам тогтоолгохоор орууллаа. Трамп үймээнийг “Хуулийн эсрэг бослого” гэж нэрлэсэн юм. Харин Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом Засгийн газрын шийдвэрийг хямралыг хурцатгасан, өдөөн хатгасан шийдвэр гэж нэрлээд шүүхэд хандаад байна. Яагаад Лос-Анжелест үймээн гарсан бэ? Энэ нь Трампын хэлснээр бослого уу гэдэг талаар ярьцгаая.

Яагаад жагсаал болов?

Олон нийтийн эсэргүүцлийн гол шалтгаан нь хууль бус иргэдийн эсрэг бодлогыг чангатгасан явдал байлаа. Энэ сарын 6-ны Баасан гаригт АНУ-ын Цагаачлалын алба, Гаалийн цагдаагийн газраас Лос-Анжелест хууль бус оршин суугаа иргэдийг бөөнөөр нь саатуулж эхэлсэн. Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр баривчлагдагсдын дотор гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, өмнө нь хүчирхийлэл, хар тамхины наймаан хэргээр баригдаж байсан этгээдүүд байжээ.

“Холбооны албанаас явуулсан эхний ажиллагааны дараа хууль бусаар оршин сууж байсан 44 хүн баривчлагдсан”

Хариуд нь хотын иргэд жагсаал хийсэн нь бараг тэр дороо энгийн, энх тайванч жагсаал биш болж хувирлаа. Жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, дээрэм тонуул хийж эхэлсэн юм. Тэд машин шатааж, цагдаа нар луу чулуу шидэж, барилгын хана дээр “ICE-г бид үзэн яддаг” хэмээн бичиж байв. Гэсэн хэдий ч хотын захиргаанаас жагсаалыг үймээн гэж нэрлэхээс татгалзаж, байдлыг бүрэн хянаж байгаа гэж мэдэгдэж байлаа.

Зүүний радикалууд хууль бус цагаачдыг дэмждэг

Жагсаалыг “Цагаачдын эрх ашгийг хамгаалах эвсэл” (Coalition for Humane Immigrant Rights of Los Angeles, CHIRLA) зохион байгуулсан. Өнгөрсөн зууны сүүлээр байгуулагдсан эвсэл. Жагсаалын зорилго нь Калифорнид амьдарч байгаа сая сая цагаачдын эсрэг баримталж байгаа хатуу бодлогыг эсэргүүцэх байв.

“Лос-Анжелес хотын хүн амын 30 хувь буюу 1,35 сая нь гаднын дүрвэгч иргэн”

Хүний эрхийг хамгаалагчидтай хамтран, гудамжинд зүүн радикал үзэлтэй “Union del Barrio” бүлэглэлийнхэн гарч жагссан. Мексик, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг энэ бүлэглэлийг "Black Lives Matter” хөдөлгөөний мексик хувилбар ч гэж нэрлэдэг билээ. Фашистуудын эсрэг жагсаалтай тун адилхан хэв маягтай байлаа. Хэн нэг нь цагдаад халдаад бусдынхаа ард нуугдана. Цагдаа нар түүнийг баривчлах гэж оролдоод жагсагчдын бухимдлыг улам их төрүүлнэ.

Хуулийн эсрэг бослого

Цагаан ордонд энэ жагсаалыг үндэсний аюулгүй байдалд халдах оролдлого гэж үзсэн.

“Энэ бол жагсаал биш АНУ-ын хууль, газар нутгийн халдашгүй байдлын эсрэг хийсэн бослого юм” Ерөнхийлөгчийн албаны дэд тэргүүн Стивен Миллер

Ерөнхийлөгч Дональд Трамп үймээн самуунд жагсагчид биш ард нь байгаа зүүн радикал бүлэглэлүүд буруутай гэж тэмдэглэсэн.

“Зүүн радикал хандлагатай, салан тусгаарлагчдын зохион байгуулж байгаа, захиалгатай, төлбөртэй жагсаалыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” Дональд Трамп

Хэн буруутай вэ?

Ерөнхийлөгч Дональд Трамп юуны өмнө орон нутгийн удирдлага буюу Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом, Лос-Анжелес хотын дарга Карен Басс нарыг буруутгасан. Энэхүү хоёр улс төрч хоёулаа сөрөг Ардчилсан намын төлөөлөл юм.

“Хэрэв Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом, Лос-Анжелес хотын дарга Карен Басс нар үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа бол (чадахгүй байгаа нь илэрхий) засгийн газраас өөрөө орон гэрийн тонуулчид, дээрэмчдийн асуудлыг шийдэх болно” Дональд Трамп

Мөн мужийн захиргааг жагсагчдын эсрэг хатуу арга хэмжээ аваагүй, хууль зөрчигчдийн талд орлоо гэж шүүмжилсэн.

Хатуу хариу

Жагсаалын хоёр дахь өдөр Трамп Лос-Анжелест Үндэсний гвардийг оруулах зарлиг гаргасан. Тэрээр мужийн захиргаанаас асууж, зөвлөсөн зүйлгүй дан ганцаараа ийм шийдвэр гаргасан нь сонирхолтой. Ядаж тэднээс байдлыг ч асууж, лавласангүй. 2020 оны Black Lives Matter хөдөлгөөний үеэр ч Ерөнхийлөгч цэрэг оруулж байгаагүй билээ. Хамгийн сүүлд 1992 онд Лос-Анжелест болсон үймээний үеэр л Үндэсний гвардийн цэргүүд ирж байсан юм. Харин орон нутгийн удирдлагаас хүсээгүй байхад Ерөнхийлөгч цэрэг оруулж байсан тохиолдол 60 жилийн өмнө болж байжээ. 1965 онд Ерөнхийлөгч  Линдон Жонсон Алабамад цэрэг хөдөлгөж байсан байна.

Зургаадугаар сарын 7-нд Дональд Трамп “Хуулийн эсрэг бослоготой тэмцэхийн тулд Калифорнид 2000 Үндэсний гвардийн цэрэг байрлуулах” тушаал гаргалаа. Маргааш нь хотод 300 цэрэг ирсэн байлаа.

“Урьд өмнө агуу америк хот байсан Лос-Анжелес хууль бус цагаачид, гэмт хэрэгтнүүдээр дүүрчээ. Тус хотыг гадаадын цагаачдаас чөлөөлж, бослогыг дарахын тулд бүхнийг хийхийг би даалгаж байна” Дональд Трамп.

Калифорниос ирсэн хариу

Харин Калифорни мужийн захиргаа Засгийн газрын авсан арга хэмжээг хэтэрсэн үйлдэл гэж үзлээ. Амбан захирагч Гэвин Ньюсом “Цэрэг оруулсан нь асуудлыг шийдэхэд тус болохгүй. Ард түмний итгэлийг алдагдуулж, замбараагүй байдлыг дэвэргэнэ” гэж мэдэгдлээ.

“Холбооны засгийн газраас Лос-Анжелест 2000 цэрэг илгээхээр шийдсэн нь хотод хууль сахиулагчид хүрэлцэхгүй байгаа болохоор биш шоу үзүүлэхээр хүсэж байгаатай холбоотой” Гэвин Ньюсом

Мөн орон нутгийн цагдаа нар үймээнийг дарж чадаж байгаа гээд жагсагчдыг тайван, амгалан жагсахыг уриалсан байна.

Цэрэг ирээд асуудал шийдэгдсэн үү?

Цэрэг орж ирснээс хойш эмх замбараагүй байдал улам ихэссэн. Энх тайванч эсэргүүцлийн жагсаал тэр чигээрээ үймээн, самуун болон хувирсан юм.

Цагаан Ордноос энэ удаад тэнгисийн цэрэг оруулах талаар ярьж, жагсагчдын үйлдсэн гэмт хэрэгт заавал ял онооно гэж сүрдүүлсэн. Кэмп-Пендлтон дахь тэнгисийн цэргийн баазыг байлдааны бэлэн байдалд орууллаа.

Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний гвардийг маш сайн ажиллаа гэж магтаад, хотын захиргааг харин ажилд саад болсон гэж шүүмжиллээ. Хэрэв Үндэсний гварди байгаагүй бол Лос-Анжелес бүрэн сүйрч, устах байлаа гэдгийг Ерөнхийлөгч ярьж байлаа.

Мужийн захирагч Ерөнхийлөгчийн эсрэг

Цэрэг орж ирсний дараа Калифорнийн захирагч Гэвин Ньюсом Ерөнхийлөгчтэйгөө ам зөрж, маргалдаад шүүхэд өгсөн юм. Шүүхэд өгсөн шалтгаанаа тэр “Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилсан нь дарьтай торхны дэргэд чүдэнз зурсан зүйл болсон. Ерөнхийлөгч байдлыг улам хүндрүүлсэн. Тэрээр Үндэсний гвардийн удирдлагыг өөртөө авсан нь хуулийг зөрчсөн үйлдэл. Ийм явдал өөр бусад мужуудад битгий болоосой” гэж тайлбарласан юм.

Мэдээж Дональд Трамп чимээгүй суусангүй. Ажлаа хийж чадахгүй байгаа амбан захирагчийг баривчлах тогтоолд гарын үсэг зурахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Трамп Калифорний эсрэг

Энэ удаагийн жагсаал Калифорни муж, Засгийн газар хоёрын анхны зөрчил биш. Калифорни бол Ардчилсан намын гол бааз суурь бөгөөд амбан захирагч Гэвин Ньюсомыг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн боломжтой гэж үздэг. Тэгэхээр магадгүй дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр нэр дэвшигч одоогоос үзэлцээд эхэлжээ.

Дональд Трампын албан тушаалдаа ороод гаргасан олон хуулийн төсөл, тушаалыг Калифорни муж аль болох дагахгүйг хичээж ирсэн. Гаалийн татвар, Америкт төрсөн хүүхдэд иргэншил олгохгүй байх шийдвэрийг нь эсэргүүцэн, Шүүхэд хандаж байлаа.

“Дональд Трампын Ерөнхийлөгч байх анхны хугацаанд Калифорни муж түүний эсрэг шүүхэд 120 гомдол гаргаж байжээ”

Хариуд нь Трамп Калифорни мужийн санхүүжилтийг танаж, хурдны галт тэрэг, их сургуулиудын төслүүдэд гаргах тусламжаа хасна гэж амлаад байгаа.

Калифорнид болж байгаа үйл явдлыг Мексикт анхааралтай ажиглаж байна. Учир нь баривчлагдсан хүмүүс дотор мексик хүн маш олон байгаа. Жагсагчид маш олноороо Мексикийн далбаа барьсан нь зурагтаар харагдаж байна.

“Манай Засгийн газраас АНУ-ыг цагаачлалын үйл ажиллагаагаа хүний эрхийг хүндлэн, хуулийн дагуу явуулахыг хатуу уриалж байна” Мексикийн Засгийн газар

Жагсаал цуглаан, үймээн самуун дарагдсаны дараа Калифорни муж, Ерөнхийлөгчийн хооронд шүүхийн ажиллагаа урт удаан хугацаанд явагдах нь ойлгомжтой. Хэн нь ялах нь тодорхойгүй ч энэ жагсаал 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх нь мэдээжийн зүйл болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.