Энэтхэгийн Air India компанийн онгоц нисэх буудлаас хөөрөөд тэр дороо удирдлага алдаж, орон сууцны хороололд унасан аймшигт осол өчигдөр болсон. Онгоц унахдаа оюутны дотуур байран дээр унасан тул амиа алдагчдын тоо цаг мөч тусам нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар тодорхой байгаа зүйл бол онгоц 242 зорчигчтой байжээ. Их Британийн иргэн 53, Энэтхэгийн 169, Канадын 1, Португалын 7 иргэн, хоёр нисгэгч, багийн бүрэлдэхүүний 10 гишүүн байсан байна. Үүнээс ганц зорчигч амьд үлдсэн нь Их Британийн иргэн, 40 настай Вишваш Кумар Рамеш.
Тэрээр “Газраас тасраад 30 секундийн дараа чанга чимээ гараад онгоц унасан. Маш хурдан болсон. Ахтайгаа хамт суусан. Түүнийг хаана байгааг мэдэхгүй байна. Босоод хартал эргэн тойрон дүүрэн үхсэн хүмүүс байсан. Маш их айгаад гүйж, зугтсан. Хэн нэг нь намайг барьж аваад эмнэлэгт хүргэсэн” гэж ярьсан байна. Мөн эхнэр, хүүхэдтэйгээ утсаар ярьж, эсэн мэнд байгаагаа дуулгажээ.

Рамеш сүйрсэн онгоцноос өөрөө гарч ирж чадсан бөгөөд Түргэн тусламжийн тэргэнд алхаж яваад сууж байгаа бичлэг хэвлэл мэдээллээр гарсан.
Тэрээр онгоцны 11A суудалд сууж явжээ. Энэ суудал нь яг ослын хаалганы дэргэд байдаг байна.


Рамеш Энэтхэгт төрсөн ч олон жил Их Британид амьдарч байгаа. Түүний нэг ах нь ослоос амьд гарч чадаагүй бололтой.

Өөр нэг ах болох Наян Кумар Рамеш “Би өчигдөр өглөө түүнтэй утсаар ярьсан. Аймшигтай юм. Тэр онгоцноос яаж гарснаа ч ойлгохгүй, санахгүй байгаа гэсэн. Нүүрэндээ гэмтсэн гэсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.