Израилын арми өнөөдөр өглөө Иранд агаараас хүчтэй довтоллоо. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Бид Ираны цөмийн хөтөлбөрийн зүрхэнд цохилт өглөө. Натанза дахь уран баяжуулах объект, баллистик пуужин бүтээх хөтөлбөрийн төвийг довтолсон. Ираны цөмийн эрдэмтэд ч цохилтод өртсөн. Бид Ираны аюул устан алга болтол ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдлээ.
Ираны талын хариу довтолгооноос сэргийлж, Израилд онц байдал зарлаад байна. Иранаас хэдэн зуун пуужин харвана гэдэгт бэлтгэлтэй байхын тулд бүх арга хэмжээ, хурал цуглаан, ажил сургуулийг зогсоожээ. Израилд цэрэг татлага эхэлсэн байна.
Цохилтын дүнд Ираны Исламын хувьсгалын корпусын дарга Хоссейн Салами амь үрэгдсэн болохыг Ираны Tasnim агентлаг баталсан. Мөн хэд хэдэн алдартай эрдэмтэн алагджээ. Нийслэл Тегеран хотын орон сууц өртөж, түймэр гарсан бөгөөд одоогийн байдлаар хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шуурхай хуралдаан зарлаж, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцлээ. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио довтолгоонд АНУ ямар ч хамаагүй болохыг мэдэгдсэн юм.
Ираны шашны тэргүүн Али Хаменеи “Өнөөдөр үүрээр Израилын сионист дэглэм өөрийн бохир, цустай гараараа манай эх оронд халдлаа. Исламын улсын зэвсэгт хүчний хүчирхэг гар хариугаа авах болно. Израил гашуун, зовлонтойгоор мөхөх болно” гэж мэдэгдээд байна.
Ойрын үед Ираны тал хариу довтолгоо хийх нь гарцаагүй гэж шинжээчид үзэж байгаа юм.