Өчигдөр Энэтхэгт онгоцны маш том осол боллоо. Air India компанийн онгоц Гужаратын Ахмадабад нисэх буудлаас хөөрөнгүүтээ удирдлага алдаж, орон сууцны хороололд унасан байна.

Онгоцны нисгэгч хөөрөөд нэг минутын дараа ослын дохио өгсөн ч дахин холбогдож чадалгүй сүйрчээ. Хотын Анагаахын сургуулийн дотуур байрны байран дээр унасан байна.

Онгоц Лондон хотыг зорьж байсан бөгөөд 230 зорчигчтой байжээ. Үүнд, Их Британийн иргэн 53, Энэтхэгийн 169, Канадын 1, Португалын 7 иргэн, хоёр нисгэгч, багийн бүрэлдэхүүний 10 гишүүн байсан байна.

Ослоос ганц зорчигч амьд үлдсэн нь Их Британийн иргэн, 40 настай Вишваш Кумар Рамеш. Тэрээр “Газраас тасраад 30 секундийн дараа чанга чимээ гараад онгоц унасан. Маш хурдан болсон. Ахтайгаа хамт суусан. Түүнийг хаана байгааг мэдэхгүй байна” гэж ярьсан байна. Мөн эхнэр, хүүхэдтэйгээ утсаар ярьж, эсэн мэнд байгаагаа дуулгажээ.

Онгоц унасан дотуур байрны оюутнууд дунд 50 оюутан гэмтэж, 5 нь нас барсан мэдээ байна.

Энэ ослоор амиа алдагчдын тоо одоогийн байдлаар 317 байгаа ч цаашдаа нэмэгдэх бололтой. Аврах ажиллагаа үргэлжилсээр байна.
Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч нисгэгчийн алдаа, шувуутай мөргөлдсөн гэх зэрэг таамаг гараад байгаа юм.
