Улаанбаатарын иргэд энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр явж байгаа сурагчдыг шалгалтаас нь хожимдуулахгүйн тулд зай тавьж өгөөрэй. Энэ бол том хотын соёл бөгөөд ирээдүйдээ хүлээлгэж буй итгэл, бас хүсэж буй амжилт юм.
2025 оны ЭЕШ өнөөдрөөс эхэлж байна. Шалгалтын өмнө сурагчдад биеэ зөв бэлдэх, сэтгэлзүйн хувьд тайван байх нь туйлын чухал. Шалгалт ойртохын хэрээр сандарч, бэлэн биш, түгшүүртэй мэдрэмж зөвхөн чамд биш бүгдэд нь төрж байгаа гэдгийг санаарай. Иймээс ЭЕШ өгөхөөр зорьж буй сурагчдад зориулан дараах 8 тактикийг хүргэж байна.
1. Сайтар төлөвлөх

Хичээл бүрээ өдөр, өдрөөр хуваарилан, аль сэдвийг хэзээ давтахаа төлөвлөөрэй. Энэ нь цагийг үр ашигтай зарцуулахад тусална.
2. Шалгалтын материалууд дээр ажиллах

Өмнөх ЭЕШ-ийн жишиг даалгавруудыг ажиллан дадлага хийгээрэй. Энэ нь бодит туршлагыг хуримтлуулахын сацуу адил төстэй даалгаврууд энэ удаа ч ирэх боломжтой.
3. Цагаа зөв удирдах

Даалгавруудад хэт удаан хугацаа зарцуулалгүй цагтаа амжихын тулд аль болох хурдан бөгөөд оновчтой шийдвэр гаргахыг хичээгээрэй.
4. Стресст автахгүй байх

Шалгалтад орохоосоо өмнө бясалгал, амьсгалын дасгал, тайвшруулах хөгжим сонсох зэргээр стрессийг багасгаж, сэтгэлзүйгээ амраагаарай.
5. Нойр, амралтаа зохицуулах

Хангалттай унтаж амрах нь анхаарал төвлөрүүлж, ямар нэг нэр томъёог хялбар цээжлэхэд тустай. Шөнийн цагаар хэт их ачаалал авахаас зайлсхий.
6. Эрүүл хоол, хангалттай ус

Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх хүнс болох самар, жимс, уурагтай хоол идэж, ус тогтмол уугаарай.
7. Шалгалтын хэрэгслээ урьдчилан бэлд

Шалгалтын өглөө юмаа хайж, санд мэнд гэрээсээ гарахыг хэн ч хүсэхгүй. Иргэний үнэмлэх, суудлын хуваарь, үзэг бал, харандаа зэргээ шалгалтаас өмнөх өдөр урьдчилан бэлдэх нь сэтгэл санааг тайван байлгана.
8. Өөртөө итгэлтэй бай

“Би чадна”, “Би хичээсэн” гэх мэт эерэг үгсийг өөртөө хэлж өөрийгөө дэмжээрэй. Өөртөө итгэлтэй байхад бусад нь болно доо.
Олон сар бэлдсэн хичээл зүтгэлээ энэ өдрүүдэд л гаргах болохоор сандарч алдаа гаргалгүй бүх зүйлээ сайн нягталж хянуур байгаарай. Элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсье. Бүгдээрээ чадна аа!