Дэлхий даяар дулаарлын улмаас хэт халж, зөвхөн хүмүүс гэлтгүй амьтад ч хүнд нөхцөлтэй тулгарч байна. Ялангуяа зоопаркуудад амьдарч буй төрөл бүрийн амьтад байгалийн хэвийн орчноосоо тасарсан тул халуунд дасан зохицоход хүндрэлтэй байдаг. Үүнтэй уялдан олон улсын болон орон нутгийн зоопаркууд халуунтай тэмцэх шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ.
Мөсөн зайрмаг- сэрүүцүүлж, сэтгэл санааг ч тайвшруулна

Хамгийн түгээмэл бөгөөд үр дүнтэй арга бол мөсөн амттан. Заан, баавгай, сармагчин зэрэг халуунд амархан ядардаг амьтдад жимс, ногоо, заримдаа мах агуулсан мөсөн бөмбөлөг өгдөг аж. Энэ нь амьтдыг зугаацуулж, сэтгэл санааг нь өөдрөг байлгахад тус болдог. Зарим зоопаркууд зайрмаг хэлбэртэй амттаныг өдөр тутам бэлддэг болсон байна.
Усанд шумбацгаая!

Арслан, бар зэрэг зэрлэг амьтнууд байгалиасаа л усанд сэлэх дуртай. Зоопаркууд тэдэнд зориулж хиймэл цөөрөм, шавартай хэсэг, усан шүршүүр байршуулсан байдаг. Сармагчин, сурикат зэрэг жижиг амьтад ч шүршүүр дор тоглох дуртай.
Агааржуулалт, сэрүүн орчин

Хүйтэн уур амьсгалд амьдардаг цагаан баавгай зэрэг амьтад халуунд хамгийн эмзэг тул тэдэнд зориулсан тусгай хөргүүртэй, сэрүүн орчныг бүрдүүлдэг. Зарим зоопаркууд ууршуулах шүршүүр, мананцар үүсгэгч төхөөрөмж ашиглан гадаад орчны температурыг хэдэн градусаар бууруулах технологийг нэвтрүүлжээ.
Хяналт, хамгаалалт
Амьтад халуунд амьсгаадах, хөдөлгөөнгүй болох, ус уухгүй байх зэрэг шинж илрэх тохиолдолд эмч, асрагчид шуурхай арга хэмжээ авдаг байна. Иймд зоопаркийн багууд амьтдыг өдөр бүр ажиглан хянаж, халуунд өртсөн тохиолдолд сэрүүн байранд шилжүүлдэг аж.
Энэ бүхэн зөвхөн нэг зуны асуудал биш уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны сөрөг нөлөөний илрэл юм. Зэрлэг болон зоопаркийн амьтдыг хамгаалахад хүн төрөлхтний үүрэг улам нэмэгдэж байна. Цаашид бид зөвхөн амьтныг хамгаалахаас гадна тэдний байгаль орчныг бүрдүүлэгч уур амьсгалын системийг ч хамт хамгаалах шаардлагатай боллоо.
Иймд гудамжинд амьдарч буй эзэнгүй нохой, муур зэрэг амьтдад дараах энгийн зүйлсийг хийж өгөөрэй:
Сүүдэртэй газар цэвэр устай сав тавих
Усгүйжих, ядрах, ухаангүй болох шинж тэмдгийг таньж мэдэж, шаардлагатай бол малын эмчээс тусламж авах.
Амьтдыг үргээх бус, сүүдэрт амрахад туслаарай.
Бидэнтэй зэрэгцэн оршиж буй амьд биетүүдийг марталгүй, анхаарал халамж хандуулах нь хүнлэг нийгмийн шинж билээ. Багахан ус хэн нэгний амьд үлдэх цорын ганц боломж ч байж мэднэ.