Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC чөлөөт бөхийн олимпын хошой аварга, “Орос танк” хэмээх Абдулрашид Садулаевыг сонирхож эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тус холбооны тэргүүн Дана Уайт Садулаевтай видео ярилцаж, Оросын тулаанч Хабиб орчуулга хийжээ.
UFC холбооны аварга асан Хабиб Нурмагомедов “Манай олимпын хошой аварга бөх. Одоо улсын аваргын тэмцээндээ бэлтгэж байгаа. Садулаев UFC-д орох хүсэлтэй байгаа” гэхэд Дана “Амжилт” гэж хариулсан байна. Мөн Хабиб “Садулаев 87 кг жинтэй. Хагас дунд жин. Танай Жон Жонстой үзэлцэхэд яг тохирно” гэж тун сонирхолтой тулааны санал дэвшүүлсэн байна. Дараа нь Дана Уайт хэвлэлийн бага хурал дээр “Хабиб бид хоёр өчигдөр Садулаевтай видео ярилцлаа. Дэлхий дээр олон сайн бөх бий. Гэхдээ энэ залуу бол жинхэнэ араатан. Холимог тулаанд яахыг нь харья. Хабиб түүнийг их магтаж байсан” гэж мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ яриаг эрс үгүйсгэлээ. Тэрээр “UFC-д шилжих эсэхээ Садулаев өөрөө мэдэгдэх ёстой. Хэн гэдэг нь ч мэдэгдэхгүй, Дана Уайт гэгч түүний өмнөөс ярьдаг хэн бэ? Абдулрашид улсын аваргад барилдах гэж байна. Түүний холимог тулаанд орох хүсэлтэй байгаа талаар би огт мэдэхгүй байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.