“Интер Майами” багийнхан Европын хүчирхэг төлөөлөл “Парис Сент-Жермен”-д хожигдож, клубүүдийн ДАШТ-ээс мултарлаа.
Энэ тоглолтын дараа өдгөө 38 настай Лионел Мессигийн ойрын ирээдүй хүчтэйгээр хөндөгдсөн юм.
Мессигийн “Интер Майами” дахь гэрээ энэ оны сүүлчээр дуусгавар болно. Харин түүнээс цааших нөхцөл байдал нь тодорхойгүй байгаа юм.
Ирэх жил АНУ, Мексик, Канадыг дамнан болох ДАШТ-д тэр шигшээ багаа ахалж, оролцох уу гэдэг ч сонирхол татаж байна.
Мессигийн тухай ном бичсэн Гуйллем Балагуе хэмээх сэтгүүлч хэлэхдээ “Ойрын хугацаанд хэрхэхийг хэн ч, бүүр Месси өөрөө ч таашгүй” гэсэн юм.
Месси шигшээ багийнхаа хамтаар 2022 оны ДАШТ-д түрүүлсэн тул түүнийг домогт хөлбөмбөгчин гэж тооцох эсэх тухай олон жил өрнөсөн томоохон маргааныг эцэслэн шийдсэн. Гэхдээ ямар ч хөлбөмбөгчин шигшээ багийнхаа ахлагчийн хувиар дэлхийн хошой аварга болж чадаагүй билээ.
“Барселона” (672), Аргентиний шигшээ баг (112), “Интер Майами” (50) клубийн бүх цаг үеийн мэргэн бууч Мессид харин ахин нэг удаа ДАШТ-ийг чимэх боломж байна.
Гэхдээ бид 1109 тоглолтын дараах Мессиг хуучин цагийнх шиг эрч хүчтэй байдлаар нь төсөөлөх боломжгүй гэдэг ч бас хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн билээ.
