ФИФА-ийн хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий хасагдах шатны "Фламенго" (Бразил) -"Бавари Мюнхен" (Герман) багуудын тоглолтыг Америкийн баруун эргээс зүүн хязгаар хүртэлх 2500 гаруй майль замыг "төмөр хүлгээр" туулан Майами хотын алдарт "Хард рок" хэмээх 65 000 хүний суудалтай цэнгэлдэхэд үзлээ. Энэ цэнгэлдэхэд жилийн дараа болох хөлбөмбөгийн ДАШТ-ий долоон тоглолт, бүүр хүрэл медалийн төлөөх тоглолт болно. За энэ ч яахав.
Гол нь энэ тоглолтыг зорин зорин, бодон бодон ирсэн нь 44 жил "тархинд минь" амьдарч, сэтгэл зүрхэнд минь "түрээсгүй сууж" буй "Фламенго"-оо харах байсан бөлгөө.
Харлаа, яахав манай баг хожигдлоо, явлаа...

Мэдээж хожсон бол сайхан л байлаа, гэхдээ энэ бол спорт, энэ бол хөлбөмбөг гэдгийг мэднэ. Хамгийн гол нь Бразилийн хамгийн цуутай баг болох өөрийнхөө хамгийн хайртай ("Фламенго"-г яагаад шүтэх болсон хийгээд "Улаан-Хар" багийн тухай хэдхэн өдрийн өмнө өгүүлсэн болохоор дахиж нурших төвдсөнгүй) "Фламенго"-гоо дэргэдээс нь үзэх л юм шүү дээ.
Өөрийн дадсан заншилаар эхний үеийг сэтгүүлчдийн өрөөнөөс үзээд дараа нь тэсч чадалгүй үзэгчдийн суудалд очин "Nacao Rubro Negro" -ийн дунд орж, тэдний сэтгэл зүрхнээсээ, амин голоосоо дэмжиж, уухайлж, дуулж, уйлахыг "дотроос нь" мэдэрлээ, гайхамшигтай.
"Фламенго"-ийн фанатууд өөрсдийгөө "Nacao Rubro Negra" буюу "Улаан хар үндэстэн" хэмээн нэрлэдэг. Үнэхээр ч судсаар нь "улаан хар цус" гүйж байдаг байх гэж бодогдохоор, тэднийг харахаар.
Ямар ч үед (хожсон хожигдсон ялгаа үгүй) багаа тултал нь дэмждэг, туйлын үнэнч, цэнгэлдэхийг хаана ч байхгүй уур амьсгалаар дүүргэдэгээрээ алдартай.
Ард түмний баг гэж болох "Фламенго"-ийн багийн дуулалд (chant) :
"Нэг л удаа "Фламенго" болбол
Насан туршдаа "Фламенго"
Үхэн үхтэлээ би чамдаа
Үнэнч байх болноо, миний "Фламенго",
"Эрч хүч, аз жаргал, сүнс, сүр сүлдийг минь сэргээгч
Энэ "Фламенго" байхгүй байсан бол
Эгнэшгүй харамсал гунигт автах байсаан" гэх мэтээр дуулдаг.
Өөр өөр утгатай ийм 26 уухай, дуулал "Менгао"-ийн "Улаан-хар үндэстэн"-д байдаг бөгөөд тоглолтын өмнө, тоглолтын турш, тоглолтын дараа ч энэ дууллаа тасралтгүй дуулах бөгөөд сонсоход сүрдмээр, сүслэмээр ажгуу.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
2025.06.29 Сан Франциско-Майами