“Хүрээ цам-Даншиг” шашин, соёлын наадам 6-р сарын 28, 29-ний өдрүүдээр Хүй долоон худагт болж өндөрлөв.
Өнөө жилийн Даншиг наадамд цол олгоогүй агаад харин Нийслэлийн иргэдийн баяр болон Үндэсний Их баяр наадмын сорилго барилдааныг уг наадамтай хавсарч тэмдэглэсэн.
Үндэсний бөхийн барилдаанд 256 хүчтэн зодоглосноос Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан найм давж түрүүлэв.
Тэрбээр хэлэхдээ “Би Даншиг наадамд барилдахдаа дуртай байдаг. Ахин сэргээсэн анхны Даншгаар начин цол авч байсан. Дараа нь ахин тав давж, даншгийн өсөх идэр начин болж байлаа. Манай галынхны бэлтгэл сургуулилалт ч сайн байна. Багш нартаа баярлалаа” хэмээн ярьсан.
Энэ наадамд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарди Батнасангийн Гончигдамба үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан.
Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ онцгой сайн барилдаж, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Тува улсын бөх, аймгийн заан Монгуш Айдын, аймгийн харцага М.Анхбаяр нараар тав давж шөвгөрсөн юм.
Мөн сумын заан Д.Төгс-Эрдэнэ хоёрын даваанаа улсын заан Б.Бат-Өлзийг хаясан нь энэ наадмыг чимсэн сонирхолтой барилдаан байсан.
