Тайландад санваартан лам хүний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Өглөөний мөргөлийн дараа тэд сүм, хийдээсээ гараад сүсэгтэн олны өргөл, барьцыг цуглуулах үүрэгтэй гэнэ. Хоол хүнс, мөнгө төгрөг гээд юу ч өргөсөн байсан хийддээ авчирна. Дараа нь хоолоо хийнэ.

Тайландын хүн амын 90 хувь нь буддын шашинтай тул лам нарыг их хүндэлнэ, тогтмол хандив өргөнө. Тиймээс ард түмэн тэднийхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг, санаа зовнидог гэнэ. Учир нь лам нар сүүлийн үед хэт таргалж эхэлжээ.

Энэ улсад 349 мянган лам байдгийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй гэнэ. Бүх юм тэдний амьдралын хэв маягаас шалтгаалж байгаа юм. Лам нар өглөө маш эрт сэрнэ. Тэднийг 12:00 цагаас хойш хоол идэхийг хориглодог учир 06:00 цагаас 12:00 цагийн хооронд нэгээс хоёр удаа л хооллоно. Маш олон янзын хоол өгдөг тул хоолны цэсээ хянахад төвөгтэй. Бараг л тэр өдөр сүсэгтэн олон ямар хүнс хандивласнаас хоол нь шалтгаална. Гэртээ хийсэн хоолоо хүмүүс аваад ирдэг тул хэт илчлэг ихтэй байдаг. Мэдээж лам багшдаа хамгийн амттай хоолоо өргөдөг тул сүсэгтэн олны буруу гэж юу байх вэ?

Харин лам нар илүүдэл жингээсээ болж, чихрийн шижин, өндөр цусны даралт, хараа муудах, үе мөчний гэх зэрэг олон өвчинд шаналж байна. Ихэнх лам хар багаасаа хийдэд шавилсан тул эрүүл мэндийн мэдлэг, боловсрол байхгүй. Нэг удаа хийдэд үзлэг хийсэн эмч нарыг шоконд оруулсан нь маш олон лам чихрийн шижингээс болоод хөлийн хуруугаа тайруулсан байжээ. Харин тэд чихрийн шижин гэж юу болохыг ч мэдэхгүй.

Үдээс хойш тайланд лам нар хоол идэх хориотой ч ундаа ууж болно. Одоо лам нар бүгд хийжүүлсэн ундаанд нугасгүй болсон гэнэ. Өмнө нь цай, ус уудаг байсан бол одоо лаазтай ундааг сонгодог болсон. Дээр нь лам нарыг спортоор хичээллэхийг хориглосон тул өөхөө шатаах арга зам үгүй.

Эмч нар түгшүүр зарлан, хийдүүдэд хийжүүлсэн ундаа ямар хортойг ухуулан сэнхрүүлэх ажил хийж эхэлсэн. Мөн лам нарт ямар хоол идэж болох, ямрыг болохгүйг мэргэжилтнүүд заах цаг болсон гэж үзэж байгаа юм. Зарим хүмүүс лам нарт хийжүүлсэн ундаа зарахыг хориглосон хуультай болох хэрэгтэй гэж ярьж эхэлжээ.