UBLife Logo
Спорт

Дараагийн озэки, Украины шинэ од Аонишики

Дараагийн озэки, Украины шинэ од Аонишики

Мэргэжлийн сүмо бөхийн маэгаширагийн тэргүүн бөх Аонишики хэмээх Даниил Явгусишин өнөөдөр Казахстаны Кинбозаныг давж, найм дахь даваагаа авлаа. 50 хувийн амжилт үзүүлсэн тул тэрээр ирэх башёд Украины анхны санякү цолтой бөх болох юм. Даниил энэ тэмцээнд ёкозүна Хоошёорюү, озэки Котозакүра, сэкивакэ Киришима, Вакатакакагэ, комүсүби Оошёома нарыгугсруулан ялж, дээд томчуудаас ёкозүна Ооносато, комүсүби Такаясү хоёрт л унасан. Намхан бөхийн мөргөлдөж, яаж ч алгадаж, сөхсөн толгойгоо өндийлгөнө гэж үгүй. Үүнээс гадна гар ачих мэхийг тун ганган, сурамгай хийж байгаа билээ. Энэ маягаараа бол дараагийн озэки Аонишики байх шинжтэй.  

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хоёр украин бөх барилдаж байна. Эх оронд нь ОХУ-ын цэрэг халдсанаас хойш 3 жил өнгөрчээ. Ар гэр, нутаг усандаа санаа зовохын зэрэгцээ, анд найзуудынхаа амь насанд нь сэтгэл түгшинэ. Энэ бүгд дээр нэмэгдээд шинэ бөхийн шалгалт, шалгуур, бэлтгэл, харь оронд дасах шаардлага гээд стресс их. Гэхдээ магадгүй энэ бүх бэрхшээл, зовлон байгаа болохоор украин сүмочид маш хурдан дээшилж байгаа болов уу. Тэд дайнд нэрвэгдсэн эх орон, ард түмнийхээ төлөө, ажил төрлөө алдаж, дүрвэсэн ар гэрийнхээ төлөө давхар барилдаж байгаа юм.

Украины хоёр дахь мэргэжлийн сүмоч Даниил Явгусишин бол Ажигава дэвжээний бөх. Аонишики нэрээр бөхийн гараагаа эхэлсэн. Аонишики нь安 – тайван, 青 - хөх, 錦 – торго гэсэн гурван ханзнаас бүтэж байгаа бөгөөд хөх гэсэн ханз нь Украины төрийн далбаа, мөн Даниилын цэнхэр нүдийг бэлгэдэж байгаа гэнэ. Японд амжилт олсон хүнийг гэртээ торгонд хучуулаад ирлээ гэж хэлдэг тул багш нь шавьдаа цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн шикона юм.

Явгусишин 7 настайгаасаа чөлөөт бөх барилдсан. 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан. Германд тэмцээнд оролцож байхад нь Оросын цэрэг Украинд халджээ. Германаас 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирсэн. Сонирхогчдын ДАШТ-д танилцсан япон дасгалжуулагч нарын зуучлалаар Ажигава дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд орсон. 180 см өндөр, 136 кг жинтэй. Өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа дээд зиндаанд барилдаж, 11 даван, Дайчин барилдааны шагнал хүртсэн. Мэргэжлийн сүмод ороод 9 башё барилдаад дээд зиндаанд дэвшсэн нь түүхэнд нэгт бичигдэх амжилт байлаа.

Аонишики дээд зиндаанд дэвшээд хэвлэлийн бага хурал дээр “Баярлалаа. Гэхдээ жинхэнэ зорилго маань өөр тул туулах замын зөвхөн нэг хэсэг нь гэж бодож байгаа. Би амжилттай барилдаад Украин улсад маань өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээтэй мэдээ болж байвал түүн шиг баяртай зүйл үгүй.  Дайны галд байгаа эх орондоо эр зориг, итгэл найдвар өгмөөр байна” гэж ярьж байлаа.

Ийм хоёр украин залуу Японд сүмо барилдан, хичээж зүтгэсээр явна. Эх нутгаа хамгаалж байгаа украин цэргүүд шиг толгой дээгүүр нь сум исгэрэхгүй ч өөрийн гэсэн талбар дээр мөн л байлдаж яваа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.