UBLife Logo
Спорт

Ковидоос айгаад зодог тайлсан сүмочийн заргыг хүчингүйд тооцов

Ковидоос айгаад зодог тайлсан сүмочийн заргыг хүчингүйд тооцов

Мэргэжлийн сүмогийн Садогатакэ дэвжээний жонидан зиндааны залуу бөх Котокантэцү шинэ төрлийн короавирусний улмаас 2021 оны нэгдүгээр сарын 9-нд зодог тайлсан. Яагаад 22 насандаа зодог тайлсан талаараа тэр твиттер хуудсандаа “Өнөөдөр би зодог тайлахаар шийдлээ. Халдвар хаа сайгүй тархсан энэ үед Кокүгикан ордон хүртэл яваад сүмо барилдана гэдэг надад маш аймшигтай байна. Энэ тэмцээнд барилдалгүй өнжмөөр байна гэж ояката багшдаа хэлсэн. Ояката Сүмогийн холбоонд мэдэгдтэл холбооноос “Коронагаас айж байна гэдэг нь тэмцээнээс чөлөөлөгдөх шалтгаан болохгүй. Эмчийн акт бичиг хэрэгтэй” гэж хэлсэн гэсэн. Ингээд би коронавирусний халдвар хэзээ авах бол гэж айн барилдсанаас зодог тайлсан нь дээр гэж шийдлээ” гэж бичиж байсан юм.

Котокантэцү зодог тайлсныхаа дараа сэкивэкэ асан Такаторикигийн юүтүүб сувагт ярилцлага өгөхдөө “Сүмо бөхийн үсээ авхуулчихлаа. Коронагаас айх уу, үгүй юу гэдэг хүн болгон өөр байх. Би сүмогийн ертөнцөд эрүүл саруул хүн орсон. Гурав дахь жилдээ барилдаж байх үедээ зүрхний хагалгаанд орсон. Хэрэв одоо би халдвар авах юм бол амь нас маш эрсдэлтэй. Архаг өвчтэй хүмүүст аюултай өвчин шүү дээ. Өдөр бүр Токиод халдварын тоо нэмэгдээд маш аймшигтай байлаа. Өвчин намдтал барилдахгүй байхыг хүссэн ч холбоо зөвшөөрөөгүй. Багш надад “Болих уу, барилдах уу, нэгийг нь сонго” гэж дарамт үзүүлсэн. Шок, сэтгэл гутрал, харамслаар дүүрэн байна. Холбоо ч, ояката ч миний төлөө юу ч хийсэнгүй. Үнэндээ бол би сүмод хайртай, дуртай” гэж ярьсан.

Ингээд тэрээр 2023 онд Сүмогийн холбооны буруутай үйлдлээс болж, зодог тайлахаас өөр аргагүй болсон хэмээн шүүхэд зарга мэдүүлж, холбооноос 5 сая 80 мянган иэн нэхэмжилсэн юм.   

Хэргийг Чиба мужийн шүүх хэлэлцээд, хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Шүүхээс Сүмо бөхийн холбоо болон дэвжээний үйлдэлд буруу зүйл байгаагүй хэмээжээ. Мөн барилдмааргүй байгаагаа хэлсний дараа Садогатакэ ояката хүнд хэцүү бэлтгэл хийлгэж дэглэсэн гэсэн гомдлыг нь нотолгоо байхгүй гээд хүлээж авсангүй.

Котокантэцү давж заалдахаа илэрхийлсэн бол Садогатакэ ояката “Шударга үнэн ялсанд ихэд баяртай байна” гэжээ.

Котокантэцү 2013 оноос барилдсан. Санданмэгийн 37-д жагссан нь хамгийн том амжилт. Нийт 131 давж, 141 ялагдсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.