UBLife Logo
Спорт

Дайсэйзан А.Асгахад: Амьтан гэвэл чоно болмоор байна

Дайсэйзан А.Асгахад: Амьтан гэвэл чоно болмоор байна

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё 12 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний жюүрёо зиндаанд Өвөр Монголын бөх Дайсэйзан А.Асгахад 9 даваатай тэргүүлж байна. Тэрээр 25 настай, 190 см өндөр, 164 кг жинтэй. Хөх хотын уугуул. Жюрёо зиндааны барууны тавд жагсаж байна.

Өвөр Монголын анхны ояката Соококүрай Арашио дэвжээндээ Өвөр Монголоос бөх авчирсан нь Алтан-Очирын Асгахад юм. Тэр "Хакүхо" цомын тэмцээнд оролцож байсан. Японы Шизүока мужийн "Хирюү" ахлах сургуульд суралцан төгсөөд мэргэжлийн сүмод орсон. Залуу бөх Өвөр Монголын Далан хар нуруу хэмээх хайрхнаа бэлгэдэн Дайсэйзан нэртэй болжээ. Учир нь хятад хэлээр Далан хар нурууг 大青山Том хөх уул гэсэн ханзаар тэмдэглэдэг байна.

Ингээд түүний 2024 онд жюүрёод дэвшихдээ Сүмо сэтгүүлд өгсөн ярилцлагаас толилуулж байна.

-Жюүрёод дэвшсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Цагаан мавашид дасаагүй болохоор бага зэрэг эвгүй байсан ч цаашдаа бүх юм шинээр эхэлж байгаа тул их сайхан байна.

-Дэвжээний цолтой бөхчүүд зөвлөгөө өгч байв уу?

-Вакамотохарү, Вакатакакагэ нар надад их зүйл зааж байгаа. Сүмо төдийгүй цолтой бөх ямар байх ёстой талаар зөвлөсөн.

-Та Өвөр Монголын уугуул хүн. Багадаа ямар спортоор хичээллэж байв?

-Сагсан бөмбөг тоглодог байсан.

-Сүмо барилдаж байгаагүй юм уу?

-Арашио ояката “Хакүхо цом”-ын тэмцээнд орооч гэж урихаар нь гадаад оронд очиж үзмээр санагдаад оролцсон.

-Тэр үед Японы талаар юу мэддэг байв?

-Анимэ л мэддэг байлаа. Покэмон, Үрүтораман үздэг байсан.

-Японд ирээд хамгийн гайхсан зүйл?

-Худалдааны автомат маш их байлаа. Өвөр Монголд хэрэгцээтэй зүйлээ дэлгүүрт худалдан авдаг болохоор Японы автомат худалдаа их таатай санагдсан.

-Арашио ояката аавтай чинь танил гэсэн?

-Аав маань чөлөөт бөхийн дасгалжуулагч хүн. Оякатагийн дээд оны “хал цэрэг” гэсэн үг.

-Яагаад та чөлөөт бөхөөр хичээллээгүй билээ?

-Аавтайгаа хамт зааланд очоод барилдаж тоглодог төдий л байсан.

-Барилдаж  байгаагүй, тулааны урлагаар хичээллэлгүй, шууд “Хакүхо цом” тэмцээнд оролцсон юм байна. Тэгээд Шизүока мужийн "Хирюү" ахлах сургуульд элсжээ. Тэр үеэс сэтгэлд хоногшин үлдсэн зүйл юу байна?

-Ангийн найзуудтайгаа хөгжилтэй, зугаацан тоглож өнгөрөөсөн үе.

-Ахлах сургуульд хүнд хэцүү зүйл байв уу?

-Дотуур байранд хятад оюутан хэд хэд байсан ч бусад нь бүгд япон хүүхдүүд. Тиймээс хүссэн хүсээгүй японоор ярих ёстой байсан. Ангийнхан маань их сайн хүүхдүүд байсан тул жаргалтай өнгөрөөсөн. Сүмо бөхийн дасгалууд, ёс заншил заалгаж байхдаа япон хэлийг сурсан. Сүмо бөхийн ачаар Японы талаар мэддэг болсон гэж хэлж болно.

-Сургуулиа төгсөөд Арашио дэвжээнд дадлага хийгээд мэргэжлийн бөх болсон. 3 жил өнгөрч шүү.   

-Арай хурдан жюүрёод дэвшсэн бол сайхан байж гэж бодогддог юм.

-Барилдаж байгаагүй хүн 3 жилд цолтой болно гэдэг том амжилт шүү дээ.

-Мэргэжлийн дэвжээнд ороод сүмо бөхийг бараг анхнаас нь дахин суралцаж байгаа.

-Үлгэр жишээ болгож байгаа бөхөө нэрлэвэл?

-Дэвжээний ах нар маань. Вакамотохарүгийн зүүн золгохоороо ялагддаггүйг, Вакатакакагэгийн дороос сөхөн, хүчтэй дайрдгийг сурч авахаар өдөр бүр хичээж байна.

-Таны хобби?

-Хөгжим сонсох, олон ангит кино үзэх.

-Дуртай дуучин?

-Эминем, Рианна.

-Сүүлд үзсэн кино?

- Tokyo Swindlers. Маш сонирхолтой кино.

-Амралтын өдрөөр юу хийдэг вэ?

-Кино үзнэ, найзуудтайгаа хоолонд явна.

-Ямар найзуудтайгаа?

-Ахлах сургууль, дараа нь суралцсан Япон хэлний сургууль, Спортын сургуулийн найзууд.

-Өөр дэвжээний бөхчүүдээс найз байгаа юу?

-Фүжишима дэвжээний Фүжинояматай дотно. Нэг оных болохоор ёстой буу халтал ярьдаг хоёр доо.

-Дуртай хоол?

-Мах. Юуны ч мах байсан дуртай ч үнэндээ хонь, үхрийн мах их иддэг.

-Японд хонины мах бараг иддэггүй.

-Харин тийм, дэлгүүрт харагддаггүй юм. Гэхдээ манай ояката заримдаа дэвжээндээ хонь худалдаж аваад өөрөө гаргаад, янзлаад хоол хийдэг юм.

-Бүтэн хонь уу? Ямар хоол хийх вэ?

-Гурилтай шөл хийж иддэг. Бүгд амттай гэлцдэг юм.

-Өөрийгөө амьтантай харьцуулбал?

-Бүгд намайг баавгай, баавгай л гэдэг юм. Харин би чоно болмоор байна.

-Чононы юу нь сайхан гэж?

-Ганц чоно гээд л ярьдаг шүү дээ. Ёстой сүрлэг. Сүмо ч гэсэн ганц хүний спорт, тулаан.

-Нохой, муурын алинд нь дуртай вэ?

-Нохой. Багаасаа л нохой тэжээж өссөн. Өвөөгийн далматин нохойг хааяа харах үе байлаа. Аймаар хуцдаг нохой байсныг санаж байна.

-Дуртай өнгө?

-Хөх, нил ягаан өнгөнд дуртай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.