Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд дэмжих “Сургалт хүмүүжлийн цогцолбор төв”-ийн 2368.8 метр квадрат, 200 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн давхар шинэ барилга БЗД-ийн 20 дугаар хороо, Майхантын аманд баригдаж буй бөгөөд есдүгээр сард ашиглалтад орох гэж байна.
Нийслэлийн Засаг даргын чиг үүргийн хамгийн чухалд орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, донтох эмгэгтэй хүнийг эмчилж, хөдөлмөрийн чадамжтай болгох зэрэг нь тооцогддог. Тиймд эдгээр иргэдийг насан туршид нь тус байранд амьдруулах бус дээд тал нь 2-3 жилийн дотор нийгэмд гаргах зорилготойгоор ашиглалтад оруулж байна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэллээ.