2021 онд байхаа, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман дэлхийн чихийг дэлдийлгэсэн нэгэн төсөл танилцуулж байсан билээ.
Саудын Арабын Хаант улсын баруун хойд зүгт орших Табук мужийн нутагт, Улаан тэнгис, Акабагийн булан уулзах орчмоос зүүн зүг рүү элсэн цөл, хадтай нүцгэн уулсыг дамжин "нэвт өртөөлөн" 170 км үргэлжлэх ч ердөө 200 метрийн өргөнтэй, тэгсэн мөртлөө 500 метрийн өндөр хоёр шилэн шугаман барилгын доторхи "The Line" хэмээх автомашингүй, гудамжгүй, 100 хувь нөхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах, хүлэмжийн хийн ялгаруулалт-0 байх бөгөөд нийт нутаг дэвсгэр нь ердөө 34 км.кв байх бөгөөд 9 сая хүн (Бидний мэдэх 9,9 сая хүнтэй Сөүл хот гэхэд л 605 км.кв ) амьдрах боломжтой гээд л.

Анх сонсоод Арабын энэ амбицтай, мөнгөтэй гарууд ёстой л "үлгэр" ярьж байна даа л гэж бодогдож байв.
Тэгсгээд энэ тухай ч мартаж.

Тэгтэл жилийн дараа буюу 2022 оны 11-12 дугаар сард Катарт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг сурвалжлах гээд сар гаруй Доха хотноо амьдардаг юм. Тэмцээний тоглолтгүй өдрүүдээр 20 гаруй жилийн өмнө очиж байсан Саудын Араб руугаа ухасхиймээр санагдаад болдоггүй, явлаа.

Эррияд, Жеддад очлоо. Хаа сайгүй өнөөх "Үлгэр"-ийн хотын бүтээн байгуулалт ид өрнөж буй мэдээлэл. Мэл гайхаж, цэл хөхрөв.
170 км урт газар шорооны ажил эхэлж, 24/7 цагаар 100,000 ажилчин ажиллаж, долоо хоногт 1 сая куб. м газар шорооны ажил хийгдэж байгаа гэнэ. 1-1,5 метрийн диаметртай, 70 метр гүнд суулгадаг бетон тулгуур суурийг өдөрт 60-ийг хийдэг, нийтдээ 6500 гаруйг суулгасан л гэнэ.
500 метр өндөртэй байшин барилга барихад эргэлзэх зүйл алга. Мекка хотноо 601 метрийн өндөртэй Abraj Al-Bayt (The Clock tower) аль хэдийнээ барьчихсан, Жедда хотноо Burj Jeddah нэртэй 1008 метр өндөртэй барилга ид баригдаж байна, 2028 онд бүрэн дуусах аж.

Харин тэр 500 метр өндөр барилга 170 км үргэлжилнэ гэхээр санаанд ер буухгүй байв. Хөөрхий амьтад, араатан жигүүртэн тэр урт, өндөр юмыг "тойрч" гарах гэж зовох байхдаа гэсэн бодол толгойд орж ирж байх шиг.
Тэгтэл бас 170 км урт хотын оршин суугчид нэг захаас нөгөө зах хүртлээ 510 км/цаг хурдтай галт тэргээр (метро) ердөө 20 минут л зарцуулах юм гэнэ. Гудамжгүй гээ биз дээ энэ хот чинь гэсэн чинь газар доогуур тээвэр, транспорт нь байх юм гэнэ.
Автомашингүй гээ биз дээ, ажил төрөл, сургууль, цэцэрлэгт хүүхдээ зөөх, дэлгүүр хоршооноос хоол хүнсээ цуглуулахдаа метронд баахан тортой юм чирээд "Кандалериа авгай" шиг явах юм уу гэтэл хотын аль ч хэсэгт байсан таван минутын алхах зайнд хүний хэрэгцээт бүх зүйлс нь (дэлгүүр хоршоо, эмнэлэг,сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ гээд) байх юм гэнээ.

За тэгвэл хог, шороогоо, хаягдалаа яах юм гэхээр бүгд дахин боловсруулагдана гэх юм.
Үлгэрээ үлгэр. Би үлгэр гэж бодсоор л, тэд харин барьсаар л байж.
Тэгтэл ноднин ч билүү дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "The Line" төсөл зогссон гэж мэдээлсэн. Тэгэхээр нь дахиад л сонирхлоо. Саудын Арабын засгийн газраас энэ мэдээллийг огт ташаа мэдээлэл, төсөл үргэлжилж байгаа, 2030 он гэхэд эхний 5 км урттай хэсгийг ашиглалтад оруулна, үлдсэнийг 2045 он гэхэд дуусгана гэж албан ёсоор мэдэгдэж.
Аймаар "том зүрх", асар их мөнгө, аугаа амбицтай , бас "Алсын хараатай" байна даа, энэ Арабууд.

Энэ "The Line" нь "Арабын алсын хараа" мегатөслийн зөвхөн нэг хэсэг нь гэж байгаа юм.
"Неом" гээд бүхэл бүтэн бүс нутагт шинэ хот, уулын цанын бааз, аж үйлдвэрийн цогцолбор, далайн эргийн амралт, сувиллын төв, шинэ айрпорт, хөдөө аж ахуй, газар тариалан, ногоон хөгжил, аялал жуулчлал гээд маш олон чиглэлийн том том төслүүд хэдийнээ хөдлөөд эхэлсэн. Ихэнх нь 2030 гэхэд дуусна гэж байгаа.
2029 оны Азийн өвлийн спортын X наадам энэ Неомд болно.

2030 оны Дэлхийн "Экспо" Эр риядад зохиогдоно.
2034 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ бас авчихсан гэж байгаа.
Айлын хүүхдүүд айхтар юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин