UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

Ub.life-ийн түүхүүд | Ард хоцорч буй зуны аяллын дурсамжаасаа хуваалцах нь

Ub.life-ийн түүхүүд | Ард хоцорч буй зуны аяллын дурсамжаасаа хуваалцах нь

Зуны нарлаг өдрүүдэд хүн бүр л аялалд гарсан болов уу. Энэ удаагийн түүхээрээ бид өөр өөрийн онцлогтой өвөрмөц аялалд гарсан гурван өөр аялагчийн түүхээс хуваалцаж байна.


А.Ачбилэг (МУИС, Экологийн танхимын 4-р түвшний оюутан)

Мэргэжлийнхээ онцлогийн ачаар Монгол орныг тойрон аялсан гэхэд бараг л буруудахгүй болов уу. Надад одоо очиж үзээгүй хоёрхон аймаг үлдсэн байна. Энэ зун МУИС-ийн биологийн тэнхим Германы Гөрлиц хотын Зенкенбэргийн байгалийн түүхийн музейн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй монгол орны биологийн олон янз байдал, ховор амьтадыг ажиглах 21 хоногийн аялалд гарсан.

Улаанбаатараас Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Булган сум гэсэн маршрутаар 3200 гаруй километрийн аялалд гарсан. Аяллын зорилго "Ховор амьтан" харах, ажиглах, тэмдэглэх. 21 хоног хээрээр буудаллаж, өглөө бүр "Өнөө орой хаана хонох бол" гэж бодож аялах надад сонирхолтой байлаа.

Аяллын багт маань эхнэр нөхөр Герман судлаачид явсан. Монголд сүүлийн 20 жилийн турш судалгаагаар ирсэн ч нэг ч удаа бөхөн харж амжаагүй байж . Харин энэ удаагийн аялалд Ховд Аймгийн Манхан суманд бөхөнтэй таараад бөөн баяр болсон. Удаан хайж явсан амьтнаа харвал хоёр судлаач маань ч гэлтгүй бүгдээрээ л баярладаг даа.

Том хөхтөн амьтантай таарвал 1-2 цагийн турш ажиглана. Амьдарч байгаа орчин, тархац, ямар зөн төрх гаргаж байгаа талаар нь тэмдэглэл хөтөлнө. Бөхөнгийн хувьд янзагаа бутны ард эсвэл хонхор гүдгэр газарт хэвтүүлж үлдээгээд идэш тэжээлээ хайдаг. Чанга дуу чимээ гарах ч юм уу, машин зөрвөл шууд л янзага руугаа очоод хамтдаа зугтаана. Энэ мэт амьтан бүрийн зан төрх олон янз.

Харин жижиг мэрэгч амьтадын олон янз байдлыг харахын тулд өөр өөр амьдрах орчинд "Амьд баригч"-аа байршуулдаг. Баригчид маань жижиг амьтад ороод ирвэл биеийн урт, сүүлний урт, биеийн жин зэргийг хэмжээд байгальд нь буцаагаад тавина.

Ховор амьтан харахын тулд их адал явдал туулна аа. Ховд аймгийн Булган сумын нутагт минж 2012 оноос хойш минж нутагшуулсан. Булган суманд очсон өдрөө шууд л минжний эрэлд гарч голын эрэг дагаж 2, 3 цаг алхсан ч барааг нь олж харж чадаагүй байдаг юм. Тэгээд л маргааш өглөө нь 5 цагт босоод дурангаа бариад гарсан. Ганц хоёр цаг хайж явсны эцэст гол дотор сэлж байгааг харж чадсан. Минж устай газар их хэрэгтэй амьтан шүү.

Зорилго нэгтэй хүмүүстэй хамт аялж, арвин мэдлэг хураасан, шинэ туршлагаар дүүрэн сонирхолтой аялал байлаа.

Ц.Алтангэрэл (Шувуу судлаач, Экологич)

Энэ зун “Реликт” гэх нэн ховор зүйлийн цахлайг харахаар баруун монголыг бүхэлд нь тойрох 4500 километрийн аялалд гарсан. Аялал маань Говь-Алтай аймгаас эхэлж, Ховд, Увс зэрэг баруун бүсийн аймгуудаар 10 хоног үргэлжиллээ..

"Шувуу ажиглах аялал" нь манай улсад дэлгэрч амжаагүй байгаа зүйл дээ. Аяллын зорилго Реликт цахлай нь зөвхөн азид үрждэг зүйл шувуу. Тус зүйлийн нэлээдгүй том үржлийн сүрэг Монгол орны нутагт бий. Бид энэ үржлийг нь олохоор явсан, үүнийгээ ч олсон. Мөн энэ удаагийн аяллын үеэр өмнө нь харж байгаагүй 2 зүйлийн шувууг харж, хувийн тэмдэглэлдээ нэмсэн нь онцлог байлаа.

"Шарга зөгийч" , "Зулбаран гургалдай" гэх Европын зүйлийн шувуудыг анх удаа харлаа. Эдгээр зүйлийн шувуудыг Монгол оронд зөвхөн баруун бүсийн нутгаас харах боломжтой. Шувуу ажиглагч хүмүүс өөрсдийнхөө харж үзсэн зүйлийн шувуудаар тэмдэглэл хөтөлдөг л дөө. Монгол орны зүйлийн бүрдэлд 530-аад зүйлсийн шувуу бүртгэгдсэн байдаг. Үүнээс 350 орчим зүйл шувуудыг 6 жилийн хугацаанд өөрийн ажиглалтын тэмдэглэлд багтаагаад байна. Энэ удаагийн аяллаар 4500 км, баруун монголын ялгаатай амьдрах орчин бүхий газруудаар аялсан гэхэд харьцангуй бага буюу 150-аад зүйлийн шувуудыг л ажигласан байна.

Хувь хүнээс шалтгаалан судлаач, ажиглагч бүрийн тэмдэглэл өөр байдаг. Цахим платформ ашигладаг судлаач нар ч байна, дэвтэр дээр тэмдэглэл хийдэг судлаач нар ч байна. Миний хувьд голчлон eBird апплейкшн ашигладаг. Харсан зүйлийн шувуудаа бүгдийг нь жагсаалт болгоод оруулчихна. Хэзээ, хаана, ямар зүйлийн шувуу харснаа дараа нь харахад хялбар байдаг.

Аяллын дийлэнх өдрүүдэд усны шувуудыг ажиглаж цөөн хэдэн өдрүүдэд голын шугүй даган ажиглалт хийсэн. Баруун тал руугаа өндөр уулсын дундуур ер нь бол говь нутаг шүү дээ. Говийн нутагт өглөө, оройн цагаар л ажиглалтуудаа хийж байлаа. . Өдрийн халуун наранд шувууд ч бид өөрсдөө ч идэвхгүй болно. Говийн өдрийн нар ч айхтар шүү. Аяллын ихэнх өдрүүдэд гадаах темпратур 30 градус нэлээд гарч 40 дөхөж халсан. Сүүлийн хоёр хоног хангай нутагт орж ирэхэд сэрүүхэн салхи сэвэлзэж, гол ус, ой модод үзэгдэх нь сэтгэлд таатай байлаа.

Мэдээж байнга шувуугаа л хөөгөөд явна гэж байхгүй шүү дээ. Өөр төрлийн амьтадыг ч сонирхож харна. Энэ удаагийн аялалд өмнө нь харж байгаагүй гялалзсан цэнхэр өнгөтэй нэгэн шинэ зүйлийн соно ажигласан нь "Calopteryx splendens" гэх зүйлийн соно байлаа. Энэ зүйлийн соныг ч мөн зөвхөн баруун бүсийн аймгуудаас л харах боломжтой.

Тэмдэглэлээс гадна би харсан шувуу бүрийнхээ зургийг дарж, баримтжуулж авахыг хичээдэг. Одоогийн байдлаар 250-аад зүйлийн шувуудын зургийг баримтжуулсан байна. Шинэ зүйлийн шувуу хараад зураг авхаар оролдох үед заримдаа олон цаг хүлээх шаардлагатай болно. Шувуундаа хамаагүй ойртохгүй, айлгаж үргээхгүй ажиглана зураглана гэдэг сайн зураг авахаасаа илүү чухал. Холоос ажиглана, өөрийгөө аюулгүй гэдгийг ойлгуулж, өөрөө ирэхийг нь хүлээнэ гээд л цаг их авдаг даа.

Энэ аялал нь зөвхөн Реликт цахлайг ажиглах зорилгоос хэтрэн Монголын орны өвөрмөц байгаль, олон төрлийн шувууд, бусад сонирхолтой амьтдыг харж мэдрэх боломж олгосон аялал байлаа.


Ц.Дагвадорж (Социологич, эдийн засагч)

Өвөө маань судар ном их уншдаг номтой хүн байсан. Бага байхад “Баруун зууд явж мөргөх юм сан” гэж их ярьдаг байсан. Тийм болохоор ч тэр үү энэ яриа миний сэтгэлд хоногшиж үлдсэн. Өвөөгийнхөө хүслийг гүйцээх юм сан гэж бодож л явлаа. Энэ оны 4-р сарын 27-ноос 5-р сарын 11-ний өдрүүдээр Joinme компанийн аяллын шинэ трендийн салхийг хагалсан “Торгон замын эхлэлээс Дэлхийн зулай руу” зохиолч Г.Аюурзанатай аялал зарлагдсан нь тэрхүү мартагдсан мөрөөдлийг маань сэрээж "Join Ayurzana" аяллын багт нэгдэхээр шийдсэн. Дээд тэнгэрт дэвшсэн хүндэт өвөөгийнхөө эрх, хайртай ээжийнхээ дээлээр гоёж өвөг дээдэс, эх түүх, өв соёлоороо бахархаж, цаст Төвөдийн гайхамшигт байгалийн сүр хүчинд гайхширч, залбирч мөргөсөөр аялаад ирсэндээ.

12 шөнө 13 өдрийн аялал бөгөөд нэг гараагаар Хятадын эртний нийслэл Сиан хот, Хөх нуурын Шинин хот, Гүмбүм хийд, Төвөдийн Лхас, Шигаце хотууд, Лхас хүрэх өндрийн галт тэрэг, Төвөдийн ариун дагшин байгаль, Эверестийн үндсэн отог гэсэн маршрутаар аялаад ирсэн.

Аяллын баг маань нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Аялагч нар дотор зохиолчийг уншигч нар, 40 орноор аялсан хүмүүс ч явлаа. Бурхны шашны мэдлэгтэй залуучууд ч явлаа. Сиан хотоос Эверест орох зам хүртэл бурхны шашны соёл, түүхтэй холбоотой сүм дуган их элбэг. Ийм ариун газруудаар залбирч, сүсэглэж явахаар толгой тархи амарч, сэтгэл тайвширдаг юм байна лээ.

Миний хамгийн мартагдашгүй аяллын дурсамж бол Лхасын Потала ордон болон Жоканг сүм юм. Потала нь Далай ламын өвлийн ордон, харин Жоканг сүм нь түүний зуны ордон байв. Зохиолчийн хэлснээр дэлхийд өндөр барилга баригдаагүй үед Потала хамгийн өндөр барилга тооцогдож байсан гэдэг. Ханын зузаан нь хоёр, гурван метр хүрнэ. Эрт үед манай Гүүш хааны ордон энд байрлаж, нөгөө талд нь Далай ламын ордон байсан ч гэдэг. Энэ бол миний аяллын хамгийн оргил, хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн мөч байсан юм.

"Миний аяллын дараагийн мартагдашгүй оргил нь Эверестийн үндсэн отогт хүрсэн мөч байлаа. Гималайн сүрлэг оргил, дэлхийн зулай хэмээх 8,848 метрийн өндөр Эверест бидний өмнө бүх биеэрээ сүндэрлэн харагдах нь үнэхээр гайхамшигтай байв. Буудалласан зочид буудлын өрөөний бүх цонхоор түүний сүр жавхаа мэлтийтэл харагдаж, өглөө, өдөр, шөнийн аль ч цагт өөр өөрийн содон дүрээр сэтгэл татаж байсан. Очсон өдрийнхөө өдрийн цагаар оройг харж чадаагүй. Үүлс яг л хадаг шиг тойроод, Эверестийн оройг хаасан байсан. Тэр шөнө гэнэт л үүрээр сэрээд цонхоор харвал хадаг шиг ороосон байсан үүлс арилж бүтэн биеэрээ сүндэрлэж байсан. Хэсэг ч алмайран яахаа мэдэлгүй зогссон доо. Одоог хүртэл нүдэнд үзэгдэж байна.

Бидний аяллын бас нэгэн зорилго нь "Хөх нуурын монголчуудтай" уулзах. Дээд нуурын монголчууд буюу хөх нуурын монголчуудаас Монгол улсын иргэншилтэй болсон 130-аад иргэн байдаг юм байна. Гэлэг, Дүгэрсүрэн гэх хөх нуурын монголчуудтай уулзлаа. Тэд одоо ч Цайдмын хөндийд монгол өв соёлоо тээн малаа маллаж амьдарч байгаа аж. Одоо ч Монгол хэлээ марталгүй бага зэрэг аялагтай ярьж байгаа нь үнэхээр бахархмаар санагдсан.

Лхас хотод үндэсний музей үзлээ. Монгол ахуйн тухай үзвэрээр баян байлаа. Малын хажиг, эмээл, янгирцаг гэх мэт ахуйтай холбоотой үзвэрүүд их. Пагма ламын тамга, Гүег хааны Ромын пап ламд бичиж байсан захидлын эх хувь, алтан хавтас бүхий номууд, их хаадын тамга, гурван хэл бичигдсэн зарлигууд гэх мэтчилэн бидний түүхтэй холбоотой үзвэрүүд их байсан даа.

Төгсгөлд нь тус аяллын санаачилга, хөтөлбөр, оролцогч нар үнэхээр шилдэг байж чадсан. Төсөөллөөс давсан аяллыг зохион байгуулсан Joinme компанийн хамт олон болон зохиолч Г.Аюурзана, аяллын багийнхандаа машид талархсанаа дахин илэрхийлье. Та нар маань хайр дүүрэн хорвоог түүчээлэгчээр Дагваагийн дурсамжид үлдсэн шүү гэж хэлмээр байна.

Бэлтгэсэн Ү.Дэлгэрцэцэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.