UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

Ариун цэврийн өрөөн дэх “дарамт, дээрэлхэл, догдлол”-ын түүхүүд

Ариун цэврийн өрөөн дэх “дарамт, дээрэлхэл, догдлол”-ын түүхүүд

Ариун цэврийн өрөө… Энгийндээ бидний хэлэлцдэгээр бол “жорлон“ гэх орчинд ямар түүхүүд чимээгүйхэн бас нууцхнаар оршиж байдаг бол? Жорлон гэж бодохоор удаан баймааргүй мэт боловч тэр газар заримдаа хэн нэгний аюулгүй сүм дуган болж чадна. Заримдаа тэр жижигхэн хаалгатай өрөөний цаана бусдад ил болохоо хүлээсэн нууц хадгалагдаж, хэн нэгэн тэнд чимээгүй уйлж сууна. Жорлон, 00-ийн өрөө, ариун цэврийн өрөө бол бидний бусад хүний нүднээс нуугдаж, өөрсдийнхөөрөө байж чаддаг цөөхөн орон зайн нэг бөгөөд тэнд л бид ядаж хэсэг хором тайван, ганцаар байхыг хүсдэг. Гэвч заримдаа энэ жижигхэн орчин түгжээтэй тор шиг, урхи шиг бас гав шиг санагдана. Бид энэхүү нийтлэлээ бэлдэхээр хүн бүр тэр болгон зорин очоод байдаггүй хөдөөгийн нэгэн сумын сургууль болон дотуур байр, хотын их дээд сургууль, айлын хашаан дахь ариун цэврийн өрөөнүүдээр шагайж, анх удаа түүхийг нь сонсохоор хаалгыг нь нээсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан энэхүү өдөрт зориулан UNICEF & Child.mn хамтран зохион байгуулж буй сэтгүүлч, редакцуудын бүтээлийн санаа шалгаруулах төслийн хүрээнд орон нутгаар зочлон бэлтгэн хүргэв.

Нийтлэлч: О.Анхзаяа

Гэрэл зурагчин: Г.Ананд


Ариун цэврийн өрөөн дэх “дарамт, дээрэлхэл, догдлол”-ын түүхүүд


9 настай

Анх удаа дотуур байранд ирээд хамгийн их таалагдсан зүйл нь 00-ийн өрөө. Орж ирээд л харсан чинь бүр хоёр 00-той байсан. Би дотор нь зөндөө уддаг байсан. Нэгдүгээр ангид байхдаа усаа яаж татахаа ч мэддэггүй байлаа шд. Тэгсэн чинь харин аниа зааж өгсөн л дөө. Орой орохоор бол харин айдаг байсан. Агааг дагуулаад явна. Гэхдээ би одоо дөрвөн жил болчихлоо доо, айхаа ч больсон. Би хоёр найзтай байсан. Нэг нь шилжээд явчихсан. Манай агаа 9-р ангиа төгсөөд хот явчихсан л даа. Нээрээ эгч ээ, хотод бөхийн сургалт байдаг уу? Спортын ордон гэж байдаг гэсэн. Би уг нь тэрэнд явмаар байдаг. Сарын 100 мянга гэсэн. Гэхдээ мөнгө хүрэхгүй л дээ. Амралтаараа л ахаасаа мэх сурч байгаа. Энэ дотуур байранд маань уг нь хөвгүүдийн өрөө гэж байдаг бол гоё оо. Дотроо зурагттай, тоглоомтой, буйдантай… Нээрэн та энэ номыг мэдэх үү? Энэ миний хамгийн дуртай ном байхгүй юу, аймаар гоё тулаантай. Гол дүр нь дайснаа ялж байгаа нь гоё байдаг. 00-д заримдаа энэ номоо авч орж уншдаг л юм. Би одоо өөрөөсөө том хүүхдүүдээс айхгүй ээ. Өмнө нь зөндөө айдаг байсан. Одоо бол би зоригтой болсон.


16 настай

Нөгөө ангид сурдаг үеийн нэг охинтой таарах болгондоо л онцгүй мэдрэмж авдаг байсан. Ерөөсөө хоорондоо харилцахгүй, таарахаараа л ямар ч шалтгаангүйгээр нэгэн рүүгээ муухай харчхаад байдаг. Өнгөрсөн жилийн нэг өдөр математикийн хичээл орж байх үеэр ариун цэврийн өрөө орсон чинь сарын тэмдэг нэлээн их ирчихсэн, бүр хэрэглэлээ солихгүй л бол болохгүй болчихсон байдаг юм. Бүр хогийн сав руу чулуудчихсан, тэгээд ариун цэврийн хэрэглэл байхгүй, яахаа мэдэхгүй тэнд би маш удаан суусан. Хичээл завсарлаад, бүр дараагийн цагийн хичээл эхэлчихсэн. Тэгсэн нэг хүн ороод ирэхээр нь би, “Уучлаарай, чамд АЦХ байна уу“ гээд асуусан чинь “Би анги руу ороод цүнхнээсээ аваад ирье, түр хүлээж байгаарай“ гээд маш эелдэг хоолойтой охин хариу хэлсэн. Ашгүй нэг хэрэглэлээ солиод, гараад ирсэн чинь харин нөгөө охин зогсож байсан. Би бүр аймаар шоконд ороод, баярлалаа ч гэж хэлж чадахгүй сонин байдалд орсон. Онцгүй, сонин охин гэж бодож байсан хүн маань надад тусалсан болохоор хэсэг барьц алдсан ч гэсэн би баярлалаа гэж хэлээд, тэр охинтой анх удаа юм ярьж үзээд, одоо бид хоёр хамгийн сайн найзууд болсон. Өмнө нь сонгон дээр нэг баг болгоход нь хүртэл уурлаад, нэг баг болохгүй, ганцаараа хийнэ гэж зөрүүдэлдэг байсан хоёр охин тэр өдрөө 00-оос гараад л хамтдаа сонгондоо сууж, юм ярьж, салшгүй болж эхэлсэн. Ангийнхан маань ч их гайхсан. Ер нь бид нар нэгнээ гадаад байдлаар нь хурдан дүгнэчихдэг юм байна лээ. Жаахан онцгүй харахаар нь надад дургүй юм байна, хачин охин байна гээд ч юм уу, нэг бол санамсаргүй байдлаар мөрлөхөд шууд уурлаад, муудалцаад, нэгнээ дандаа сөргөөр хардаг юм билээ. Юмыг байгаагаар нь нээлттэй, гоё хүлээж аваад, аливаад яарч дүгнэлт хийхгүй, найзууд байхыг хичээх нь чухал юм байна гэдгийг л энэ явдлаас анзаарсан даа. Уг нь манай сургууль дээр ариун цэврийн хэрэглэл хийдэг хайрцаг байдаг ч гэсэн жижигхэн болохоор дотор нь хэдхэн л багтана, дороо дуусчихдаг. Уг нь ангийн багшид ийм хайрцаг байгаад, бид хүссэн үедээ хэлээд ариун цэврийн хэрэглэл авчихдаг бол үнэхээр амар байна гэж боддог.


8 настай

Сумын дотуур байрныхаа 00-д ороод сууж байхад ах нар завсраар түгжээг нь тайлаад, онгойлгочхоод байдаг. “Боль“ гээд хэлдэг ч буцаагаад л онгойлгоод байдаг. Надад үнэхээр муухай санагдсан. Жаахан байхдаа би 00-д ороод, гэрээ санаад уйлдаг байсан байхгүй юу. Одоо гэхдээ том болчихсон чинь уйлахгүй байгаа. Заримдаа гоё суумаар байдаг ч ах нар зүгээр байлгадаггүй болохоор муухай байдаг. Битгий тэгж байгаарай, муухай шүү л гэж хэлэх гэсэн юм.


11 настай

Нэг шөнө хөдөө гэртээ байхдаа бие засах гээд яараад гарсан чинь гар чийдэнгээ мартчихсан. Юу ч харахгүй явж байгаад бүр бүдэрч унаад. Эргэж босоод замаа олоод, цаашаа зөндөө хол явсан. Сар гараад бас зам арай харагдаж эхэлсэн л дээ. Уг нь манай жорлон ойрхон л доо. Гэхдээ зөндөө төөрөөд, айсан. Ер нь би бодит биш зүйлээс л айгаад байдаг юм. Энд тэндээс юм гараад ирвэл яана гэж бас айдаг. Ах нар аймаар юм ярьсаар байгаад явуулдаг болохоор заримдаа хонь малдаа явахдаа бас айна. Зургаан настайгаасаа ганцаараа хонь малаа эргүүлэх гэж явдаг байсан болохоор заримдаа хонио дийлэхгүй явсаар байгаад орой болтол явна. Тэр үедээ энд тэнд бие засах хэрэг их гарна. Хүн амьтан байх вий гээд санаа зовдог. Заримдаа нойлын цаасаа мартчихсан байхаар бас муухай. Гоё жорлонтой л болмоор байна. Уг нь би барилгачин болно гэж мөрөөддөг байсан. Тэгвэл би гэрээсээ гараад шууд орчихдог, дулаахан, гараа угааж болдог жорлон хийх байсан. Даанч бэртээд байдаг болохоор энэ мөрөөдлөө хаячихсан. Тэгэхээр малчин л болно доо.


29 настай

Оюутан болж ирээд нэг удаа л би 00-д аймаар уйлж байсан юм. Анх удаа оюутан болсон охинд энэ орчинд дасна гэдэг том даваа байсан. Ангийн хүүхдүүд ч гэж мэдэхгүй, харилцдаггүй, ноомой дуугүй хүүхэд байсан. Гэхдээ яг нэг хичээл дээр байнга хоцорч орж ирдэг нэг хүү анхаарлыг минь их татдаг байсан л даа. Дандаа хоцорно, багштай тоглоом шоглоом хийж байгаад л орж ирээд суучихна. Нэг удаа надаас датагаа цацаад өг гэж асууснаас хойш гайгүй юм ярьдаг болсон. Удалгүй дотносоод, хичээл тарахад хамт явдаг боллоо. Нэг удаа би цүнхээ өөрт нь өгөөд ариун цэврийн өрөөнд орсон юм. Сүүлийн цагийн хичээлийн дараа байсан болохоор хүнгүй шахам. Тэгсэн чинь гараа угааж байтал орж ирээд намайг үнсчихсэн. Би бүр яахаа мэдэхгүй сандраад, юу ч хэлж чадаагүй. Тэгээд л үерхдэг болж, нэг мэдэхэд би томчуудын амьдралд хөл тавьсан. Хайртай болохоороо харамсдаггүй л байсан. Гуйгаад байдаг болохоор нь гэрт нь очно, заримдаа бүр буудал орно. Тэгж тэгж, анхны үнсэлтээс хойш гурван сар өнгөрсний дараа би жирэмсэн болсноо мэдсэн юм. Хэлж ярих хэн ч байхгүй болохоор шууд өөрт нь очоод хэлсэн ч шууд л дургүй байгаагаа илэрхийлж, “Бид нар зүгээр л уулздаг хүмүүс. Ийм зүйлд бэлэн биш“ гэсэн. Би ч өөрөө нэгдүгээр курс, жаахан бас мөнгөгүй, аав ээж хөдөө амьдардаг. Тэр бүхнээс болоод үр хөндүүлэх шийдвэр гаргасан. Уг нь хайртай залуу минь сайхан хүлээж авсан бол надад харамсах зүйл байхгүй л гэж бодож байсан ч тэр үеэс хойш надтай юм ярихаа больж, сүүлд өөр охинтой үерхсэн байсан. Үр зулбуулдаг эм байдаг гэдгийг дуулаад, интернэтээр хайж хайж байгаад олж уусан. Юу ч мэдрэгдэхгүй байсан болохоор нь болсонгүй дээ л гэж бодож байсан ч гэнэт хичээлийн үеэр аймшигтай базалж өвдөж эхэлсэн. Би анх бүх зүйл эхэлсэн яг тэр хичээлийн байрны 00-доо гүйж ороод, тэндээ зөндөө уйлж байсан. Тэр бүх үйл явдлын араас одоо би бүхнийг харахад, жаахан байхдаа би хайр гэж итгээд ямар том алдаанууд гаргаж байсан юм бэ л гэж бодогддог. Ядаж л хамгаалалт хэрэглэх тухай мэдлэггүй байж. Тэр үеийн 17,18-тай өөр дээрээ эргэж очоод нэг тэврэх юм сан. Хамгийн гол нь хэнд ч хэлэлгүйгээр яг над шиг түүхийг туулсан хэчнээн охин 00-ийн өрөөнд уйлж, өвдөж суусан бол гэхээс гол харладаг. Одоо би охид болгонд, өөрийгөө хайрлаарай, хамгаалаарай гэж хэлнэ. Харин хөвгүүдэд, хариуцлагатай байгаарай, бас бусдыг ойлгож, хайрлаж, хамгийн гол нь аливаа үйлдэлд нухацтай ханддаг байгаарай гэж хэлнэ.


15 настай

Ээж, аав хоёулаа архи уудаг. Би дүүтэйгээ ихэвчлэн гадуур тэнэж байгаад орой харьдаг. Заримдаа сургууль дээрээ удна. Зарим орой аав ээж хоёр маш гоё зантай болж, бид хоёрт амттай юмнууд авч өгдөг. Харин заримдаа хоорондоо зодолдоод, цус нөж урсаад, хажуу айлын хүн цагдаа дууддаг. Заримдаа гэрт хэрүүл, зодоон болж байхад орой болсон хойно хол явж чадахгүй үедээ жорлон, амбаартаа ордог. Өвөл даараад хэцүү байдаг ч гэсэн хамаагүй чимээгүй байдаг нь таалагддаг. Заримдаа нохойтойгоо тоглодог. Энэ бүхэн хэзээ дуусахыг мэдэхгүй байна. Дүүгээ заримдаа өөр айлд өргүүлчих юм сан л гэж хүсдэг. 15-тай хүүхдээс илүү 7 настай хүүхдийг бол уг нь хүмүүс өргөж авах байх, тэ?


12 настай

Би өнгөрсөн жил анх удаа “Vape“ (Электрон тамхи) татаж үзсэн. Тэгсэн чинь багшид баригдчихсан. Том ангийн ах эгч нартай цуг татаж байгаад баригдсан болохоор өөрсдийг нь хэлчихнэ гэж тэд нар айж байсан. Бид нар ээлжээр дотуур байраа цэвэрлэдэг байхгүй юу. Тэгээд би орой цэвэрлээ хийж байсан чинь дээд ангийн ах ирээд “Юу гэж аргалах вэ?“ гэхээр нь би “Үнэнээ л хэлнэ дээ” гэсэн юм. Тэгсэн чинь, “Тэгвэл би дотуур байрнаас хөөгдөхөөсөө өмнө чамайг ална“ гэж хэлсэн. Би анх удаа тийм үг сонссон. Тэр үед би үнэнээ хэлчихвэл алуулчих юм биш байгаа гээд маш их айсан. Гэхдээ л хэлэхгүй бол болохгүй гэж бодсон болохоор нийгмийн ажилтан дээрээ ороод бүх үнэнийг нь хэлж санаа амарсан даа. Дахиж намайг дарамтлаагүй ч гэсэн есдүгээр ангийн өөр эгч нар таарахаараа заримдаа мөрлөж, муухай хардаг. Өнөө өглөө бас би сандал дээр сууж байсан чинь шууд намайг түлхээд сандлыг минь аваад явчихсан. Заримдаа цүнхээ орхиод ариун цэврийн өрөө ороод ирэхэд дотроос нь юм хулгайлаад авчихдаг. Бас дээд ангийн ах нар доод үеийн дүү нараа их дээрэлхдэг ч хэн ч юу ч хэлдэггүй. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаардаг байвал энэ бүхэн багасна гэж би уншиж байсан. Зарим нэг эцэг эх бүр хүүхдээ хаячихдаг. Тэгээд тэр хүүхэд нь бусдыг дээрэлхдэг, эсвэл дээрэлхүүлээд юу ч хэлж чадахгүй явж байдаг. Гэр бүлд нь бас асуудал байгаагаас болдог байх. Аав нь ээжийг нь зоддог болохоор ч юм уу… Би тэгж л боддог.


16 настай

Манай ангийн охины сарын тэмдэг хичээлийн үеэр гэнэт ирээд, бүр нэвтэрчихсэн. Ангийн хөвгүүд түүнийг нь мэдээд, зарим нь ямар заваан юм бэ гэх зэргээр дооглож байсан бол харин зарим нь тохиолддог л зүйл гээд ерөөсөө сүржигнэхгүй хүлээж авсан л даа. Завсарлачихсан байхад хүртэл босож чадахгүй тэр охин суугаад л байсан. Тэр үед харин ангийн охин шууд хүрмээ тайлаад, толбо болсныг нь халхалж уяж өгөөд босгож байсан. Манай ангийн хөвгүүд гэхдээ үнэхээр хөөрхөн. Хичээлийн дундуур хэрэглэл авах гээд өмнөөс нь гүйж өгсөн. Хичээл дундуур гаргахгүй гээд багш загнасан ч гэсэн учраа хэлэхэд зөвшөөрөөд, эрэгтэй хүүхэд мөртлөө дэлгүүр лүү гүйгээд авчирч өгсөн. Үүнийг хараад маш их баярласан л даа. Одоо ер нь хүүхдүүд дунд энэ талын мэдлэг боловсролыг сайн өгөөд, нэгнээ ойлгодог, ичээж, санаа зовоохгүй хүлээж авдаг тийм соёл бага багаар ч болтугай нэмэгдэж байгаа гэж харж байгаа. Энэ чинь сар болгон охидод тохиолддог л зүйл. Заримдаа бэлтгэлгүй байхад гэнэт сарын тэмдэг ирэх үе байдаг. Энэ нь харин тухайн охиныг дооглож, шоглож, доромжлох шалтгаан болох ёсгүй, найзууддаа тусалдаг, ойлгодог, мундаг хүүхдүүд байгаасай л гэж их хүсдэг. Ээж аав нар нь ч бас хөвгүүддээ энэ тал дээр мэдрэмжтэй ханддаг байх хэрэгтэй гэж зааж өгөөсэй гэж хүсэж байна.


12 настай

Намайг хүүхэд дээрэлхдэг гээд багш маань маш их загнасан. Сая хэдхэн хоногийн өмнө долоодугаар ангийн өөр хэдэн хүүхдүүд тоглож байхад бид гадаа бас хамт тоглож байж таарсан юм. Манай нэг найз утас олоод, эзэн нь байна уу гэж асуусан чинь байхгүй байж таараад, аваад явчихсан. Тэгсэн чинь нэг хүүхэд шууд “Хөөе хулгайчууд аа, утас өг!“ гээд орилоод, шууд тэлээ бариад хүрээд ирдэг юм. Тэгээд л би зодчихсон. Тэр хүүхэд агаадаа хэлээд, тэгээд нийгмийн ажилтан мэдээд над дээр ирсэн. “Яагаад хүүхдийн утас хулгайлсан” гээд ах нь загнахаар нь бид нар учраа хэлсэн л дээ. Гэхдээ би найзыгаа зодсон доо их харамссан. 00-д ороод сууж байхдаа зөндөө өөртөө дүгнэлт хийгээд, би яагаад зодчихсон юм бол оо гээд харамссан. Дараа нь би уучлал гуйсан болохоор намайг уучилсан. Одоо би дахиж хэзээ ч өөр хүүхэд өвтгөхгүй ээ. Найзуудыгаа ч бас битгий бусдыг өвтгөөрэй л гэж хүсмээр байна. Бидний яарч гаргасан алдаа бусдаас гадна, биднийг өөрсдийг маань өвтгөж, хохироодог шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
careforlittleones\18.142.229.248
зөв сэдэв хөнджээ, би хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. тэр үед ОО нь аймшгийн модон жорлонгууд байлаа. ер нь хөдөө орон нутагт хүүхдийн асуудлууд их эмзэг. багш нар зөөлөн сайхан ааштай байгаасай.
ЗОЧИН\18.142.229.248
зөв сэдэв хөнджээ, би хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. тэр үед ОО нь аймшгийн модон жорлонгууд байлаа. ер нь хөдөө орон нутагт хүүхдийн асуудлууд их эмзэг.
ЗОЧИН\3.0.183.198
зөв сэдэв хөнджээ, би хөдөө орон нутагт ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. тэр үед ОО нь аймшгийн модон жорлонгууд байлаа. ер нь хөдөө орон нутагт хүүхдийн асуудлууд их эмзэг.