АНУ-ын Лигийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолт пүрэв гарагт явагдсан.
“Интер Майами” болон “Орландо Сити” багуудын хооронд өрнөсөн уг тоглолтод талбайн эзэд 3:1-ээр ялалт байгуулсан юм.
Бэртлээ эдгээсэн Лионел Месси “Орландо”-гийн эсрэг бүтэн 90 минут тоглож, дубль толилуулсан.
Тэрбээр замналынхаа 877 дахь гоолыг оруулсан нь энэ төдийгүй 900 гоолын босго давахад ердөө 23 гоол түүнд дутуу байна.
Мөн ахин 11 гоолын дамжуулалт бүртгүүлэхэд л 400 гоолын дамжуулалттай болж, улмаар 1300 гоолыг бүтээсэн түүхэн дэх анхны хөлбөмбөгчнөөр тодрох юм.
“Интер Майами” уг тэмцээний шигшээ тоглолтод “Сиэттл Саундерс” болон “ЛА Галакси” багуудын аль хожсонтой нь хүч сорино.
Хэрэв түрүүлбэл энэ нь Мессигийн атгасан 47 дахь цом байх юм. Мөн АНУ-ын Лигийн цомын тэмцээний аварга баг хойтон жил болох Америк тивийн цомын төлөөх тэмцээнд оролцох билээ.

