Сайхан наадсан уу?
Уламжлалт амьжиргаа, ахуй, байгалийн өгөгдлөөсөө хамааралтайгаар монголчууд зун л шавайгаа ханатал зугаацах, наадах боломжтой. Зуны улирлын оргил нь наадам. Наадам бидний хувьд “хамтын хөгжил цэнгээн” төдийгүй national identity - үндэсний тодотголын цөм элемэнт билээ.
Хачирхалтай нь жил бүр наадмын дараа хэрүүл маргаан дэгдэж, албан бус хэлэлцүүлэг өрнөж, хов цуурхал тардаг нь ёс мэт болов. Үндэсний нийтлэг үнэт зүйл, тодотголоо бусниулж, спортын хүрээнээс хальсан угсаатан хоорондын үзэн ядалт тэмцэл рүү нийгмээ чирч буй үзэгдэл яах аргагүй таагүй сэтгэгдэл өдөөнө. Хүлээлт ба бодит байдал, уламжлал ба шинэчлэл, чөлөөт зах зээлийн тогтолцоо - клиентелист тогтолцооны зөрчил наадмаар тодорч харагдаж байгаа юм. Монголын нийгэм цэгцгүй, үзэл санаагүй, тархай бутархай, эв нэгдэлгүй, нийгмийн гишүүд бүх зүйлд сэтгэл дундуур, үл ханасан байдалтай олон жил явж ирсэн нь зөрчил рүү түлхсээр л байна. Наадам нь нэгнийгээ мөнгөтэй мөнгөгүй, баян хоосон, дарга цэрэг, эрх мэдэлтэй мэдэлгүй гэсэн хуваагдлаар шүүж, талцах, зөрчилдөх суурь болсоор ирлээ. Ноёны бөх, ардын хүү түрүүлж болдоггүй наадам уу, тэр баяны морь гэхчилэн хэлц үгүүд бэлээхэн эргэлднэ.
Үндэсний бөх
Энэ бол өв уламжлал, зан үйлийн бүрдэл болохоос спорт бол биш. Аливаа спорт ямар нэг хязгаарлалт дээр тогтож байдаг. Жин, хугацаа, талбай, ур чадварын төвшин, нас, хүйс… гээд тов тодорхой хязгаарлалтууд Наадмын бөхөд мөрдөгддөггүй. Эрх биш хүйсийн хязгаарлалт бол бий. Цаг хугацааны хязгаарлалт бий гэдэг ч үзэмжээр шийдэх маягтай. Талбай болон жин хязгааргүй. Оноо үнэлгээний систем байхгүй. Засуулууд болон хөлийн цэцийн гишүүд тухайн үеийн сэтгэгдлээрээ шийднэ.
Үндэсний бөхөд 2000 оноос “дамжлах”, “гар амраах” гэж технологи нэвтэрсэн. Увс нуур бөхийн дэвжээ, заан Г гэгчийн бодож олсон, амьдралд нэвтрүүлсэн аргачлал гэх. Түрүүлэх магадлалтай бөхийг дэвжээгээрээ дэмжиж долоогийн даваа хүртэл дамжлан, гар амар хүргэх нь технологийн гол нууц. Түрүүлэх бөхөд унах 6 бөх, зургаагийн даваанд унах бөхөд зориулан 5 бөх… гэхчилэн багийн ажиллагаа явагдаж, оролцоогоороо шагнал урамшлаа хүртэж байж энэ технологи ажилладаг. Үүний тулд бүхэл бүтэн эко систем зохиох ёстой болох бөгөөд Архангай, Баянхонгор аймгууд энэ технологийг баримтлан аварга бөхтэй болсон байх жишээний.
Дэлхий даяарт спортод хожил, даваа наймаалцвал эрхээ хасуулахаас эхлээд эрүүгийн хариуцлага хүртэл хүлээдэг хуультай. Олимпийн харти, спорт холбоодын дүрэм зэргээр үнэн хүчийг үзэн, шударгаар өрсөлдөөгүй бол хариуцлага хүлээлгэх зарчмууд, тогтолцоо бий. Гэтэл үндэсний бөхөд допинг хэрэглэсэн бөхөд ногдуулах шийтгэл нь тэнцвэргүй, ойлгомжгүй, үзэмжийн шинжтэй байдаг. Зарим бөх тэгсгээд эрхээ сэргээлгэж байхад заримынх нь барилдах эрхийг олон жилээр боомилон боогдуулна.
Наадмын тавын даваа бол нутгийн зөвлөл гэх крони бүлэглэлүүдийн наймаалцах талбар юм. 1931 оны Зөвлөлтийн заавар, оролцоотой хийгдсэн Засаг захиргааны хуваарь нь сонгуулийн тойрог болон хөгжсөн тул бөхчүүд нэг хэсэг нэр дэвшигчдийн дагуулж явдаг үзмэр байсан бол одоо клиентелизмийн сонгодог жишээ болжээ.“Бөх төрөө дагадаг” гэх огшилт бол улс төр, спорт хутгалдан заваарсныг нийтээрээ хүлээн зөвшөөрч, бууж өгсний шинж тэмдэг байх.
Бөхийн цолыг дуудахдаа тухайн бөх Монгол улсын хуулийг хэрхэн зөрчснийг орон даяар зарлах бөгөөд “булайгаа” дуудуулж байгаа бөхийн нүүрэнд ичиж нэрэлхсэн шинж ер тодрохгүй нь гайхалтай. Төрийн тусгай албан хаагч хэрнээ, хувийн компаниас давхар цалин авах нь Ашиг сонирхлын тухай хуулиар хориотой. Гэвч бөхөд бол хууль үйлчлэхгүй гэсэн мэссэжийг засуулаар дамжуулан давтамжтай зарладаг, ийм л “спорт”, тийм л наадам.
Хурдан морь
Наадмын энэ төрөл дээр гэнэт хязгаарлалт яригдаж эхэлдэг. Сэрвээний өндөр ч гэнэ үү. Холын зайн уралдаанд нуруу өндөр байна гээд хасах бол бусад газар тэнэглэлээс өөрөөр ойлгогдохгүй байх.
Ядаж байхад хурдан морины уралдааны бүртгэл, тавигдах шаардлага ойлгомжтой ил тод биш, уралдааны замд гарсан хойно л хэний морь тэнцсэнийг үзэгчид нь мэддэг байх жишээтэй. Байнга хэл ам гарна. Нэг наадмаар сэрвээний өндөр тэнцээд уралдсан морь долоо хоногийн дараах наадамд сэрвээний өндрөөр хасагдаж байгааг ойлгох ухаан бурханд ч олдохгүй. (2025 оны наадмын морины өндрийг АТГ хэмжив гэдэг нь онигоо биш болсон явдал.) Бүртгэл буюу дата тодорхой бус тул дэлгэцээр үзүүлэх боломжгүйд хүрдэг.
Ийм байдлаар хурдан морь уламжлалт өв соёл гэхээсээ эрх мэдэлтэй, мөнгөтэй хэсгийн аархал, зиндаархлын талбар болон хувирч байна.
Наадамчин олны асуулт уг нь тун энгийн.
Наадам хэнд зориулагддаг вэ? Шудрага өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн зарчим ажиллаж байна уу? Мөнгөний урсгал хаанаас хэн лүү урсаж байна вэ?
Одоогоор Монгол наадам үзэгчид, хөгжөөн дэмжигчдэд зориулагдаагүй байгаа учир тэднийг үл тоох нь аргагүй. Учир нь наадах санхүүжилтийн эх үүсвэр үзэгчдээс бүрдэхгүй. Мөнгөний урсгалыг нь харахад ойлгомжтой.
Хараат бус хэвлэл мэдээлэл, шударга спорт хоёр ижилхэн үзэгчид, уншигчдаасаа санхүүжиж байдаг. Монголд тийм зүйл алга. Наадмын тасалбарын орлого, телевизийн шууд дамжуулалтын эрхийн төлбөр, дамжуулалт дундуур явах сурталчилгааны орлогоор спортын наадам санхүүждэг. Үүний эсрэг буюу хэрэглэгчээсээ мөнгө олдоггүй аливаа бизнест ямар ч ирээдүй байхгүй. Сонирхолтой нь түрүүлсэн бөхийг топ 100–н нэг компани тэрбум төгрөгөөр байлж, хариу талархалд хөлстэй зодог шуудаг бэлгэнд авав. Хэнд зориулсан мессэж, юунд зарцуулсан маркетингийн зардал вэ?
Наадамчдаа наадам зохион байгуулагчид огт боддоггүйн тод жишээ нь 2025 оны Наадмын хөтөлбөр! Долоодугаар дугаар сарын 12-ны 13.00-14.30 цагт бөхийн барилдааны тавын даваа гэсэн байх боловч, тавын даваа эхлэлгүй цаг гаран болж, бөхчүүд хаачсан нь бүү мэд алга болов. Наадмын хөтөлбөрт ганцхан зүйл хуваарийн дагуу болдог нь Ерөнхийлөгч нээлтийн үг хэлэх. Бусад нь зохион байгуулагчдын дур зоргын асуудал ажээ. Соёолон насны морьд 11.00 цагт барианд орно гэж хөтөлбөрт заадаг ч жилийн жилд ёс мэт наадмын нээлттэй давхцдаг.
УИХ-н гишүүд, дарга нарын “улаан хивсний ёслол” бас болдог. Тасалбар авалгүй, тусдаа хаалгаар орж, халхавчтай индэрт суух тусгай хангамжийг эдэлнэ. Анх удаа сонгогдсон парламентийн гишүүн хүртэл ичиж нэрэлхэх нь бүү хэл, тэгэх л ёстой гэж олон нийттэй хэрэлдэтлээ эндүүрсэн.
Эрэмбэ зэргээ харуулах, зиндаа юугаа мэдрүүлэх боломж нь наадам болжээ. Угаас онцгой эрх, (privilege) тусгай хангамжгүйгээр, энгийн иргэн, жирийн хүн шиг амьдарч чаддаггүй нь прогрессив зүүнтнүүдийн гэм биш зан юм.
Наадмын аюулгүй байдал гэж сонин зүйл бий. Хүй долоон худаг хавийг дүүргэн зогсох цагдаа нар хэнээс, юуг хамгаалаад байгаа нь үл мэдэгднэ. Эгнэн зогсож, нохой хуцуулах нь наадмын уур амьсгал лав биш. Олимпын наадмаар хүртэл “сайн дурын” зохицуулагчид ажилладаг болохоос цагдаа харагддаггүй. Тэд далд байж “жинхэнэ” аюулаас сэргийлж байдаг.
Ийм наадамтай хүмүүс ч найрсаг байгаасай...
М.Уламбадрах