HBO Max компаниас зохиолч J.K. Rowling-ийн “Harry Potter” зохиолоор цуврал кино хийх төлөвлөгөөтэй гэдгээ 2023 оны 4-р сард мэдэгдсэн билээ. Уг цуврал кино ирэх 10 жилийн хугацаанд бүтээгдэх бөгөөд нэг боть номын үйл явдлийг нэг бүлэг болгохоор төлөвлөсөн байна. Цувралын жүжигчдийн сонгон шалгаруулалт энэ оны 7-р сард дууссан бөгөөд 2027 оны эхээр нээлтээ хийх төлөвтэй байгаа ажээ. Та бүхэндээ уг алдарт цувралын шинэ жүжигчдийг танилцуулж байна.
Harry, Ron, Hermione (Dominic McLaughlin, Alastair Stout, Arabella Stanton )

Гол дүрүүдийн сонгон шалгаруулалтад 32 мянга гаруй хүүхдүүд оролцсоноос Dominic McLaughlin, Arabella Stanton, Alastair Stout нар сонгогджээ. Шидтэний ертөнцийн дараагийн “Амьд үлдсэн хүү”-гээр Dominic McLaughlin, түүний сайн найз улаан үст Роны дүрд Alastair Stout, Хогвартсын ухаалаг сурагчдын нэг Хармонигийн дүрд Arabella Stanton нар тус тус сонгогдсон байна.
Гүйцэтгэх продюсер Франческа Гардинер, Марк Майлод нар хэлэхдээ: ”Эдгээр гурван залуу жүжигчний өвөрмөц дүр төрх, авьяас чадварыг харахад тун таатай байна. Дэлхий дахинд тэдний шинээр бүтээж буй “Ид шидийн ертөнц”-ийг үзүүлэх сэн гэж тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Профессор Филиус Флитвик (Уорвик Дэвис)

Харри Поттер бүрэн хэмжээний киноноос эргэн ирж байгаа цөөхөн жүжигчдийн нэг бол Уорвик Дэвис. Тэрээр Харри Поттер 8 бүрэн хэмжээний кинонд профессор Филиус Флитвик болон гоблин банкны ажилтны дүрүүдийг бүтээсэн байдаг. Харин энэ удаагийн шинэчлэгдэн хийгдэж байгаа цувралд тэрээр зөвхөн профессор Филиус Флитвикын дүрээр дэлгэцнээ ахин үзэгдэх болно.
Драко Малфой (Локс Пратт)

Цувралын чухал эсрэг дүрүүдийн нэг болох Драко Малфойн дүрд Локс Пратт сонгогджээ. Мөн тэрээр “Lord of the Flies” шинэчлэгдэн хийгдэж байгаа цувралын "Jack"-ийн дүрд сонгогдсон байна.
Альбус Дамблдор (Жон Литгоу)

Шүтэн бишрэгчдийн олон сарын үргэлжилсэн таамаглалыг эцэс болгож HBO-оос ахмад жүжигчин Жон Литгоу, Хогвартс шидтэний сургуулийн захирал Альбус Дамблдорын дүрд тоглоно гэдгийг энэ оны 4-р сард зарласан билээ. Тэрээр “Dexter”, “Crown”, “Interstellar” зэрэг бүтээлүүдээр хэдийнээ үзэгчдийн танил болсон.
Северус Снэйп (Паапа Эссиедү)

“Slytherin House”-ийн удирдах багш профессор Северус Снэйпийн дүрд жүжигчин Паапа Эссиедү тоглохоор болсон байна. Тэрээр өмнө нь “I May Destroy You”, “The Lazarus Project's” цувруулдад дүр бүтээж байжээ.
Минерва МакГонагалл (Жанет МакТир)

“Gryffindor House” удирдах багш профессор МакГонагаллын дүрд “Wuthering Heights”, “Albert Nobbs”, “The Menu” зэрэг киногоор олны танил болсон жүжигчин Жанет МакТир тоглохоор болжээ.
Рубеус Хагрид (Ник Фрост)

Хогвартсын хамгаалагч, хагас үлэмж биетэн Хагридын дүрийг жүжигчин Ник Фрост бүтээхээр болжээ. Жүжүгчин Ник Фрост нь “Hot Fuzz”, “The World's End and Paul” инээдмийн киногоороо олонд танигдаж байсан билээ.
Невилл Лонгботтом (Рори Уилмот)

Харри поттер зохиолын хамгийн сонирхолтой дүрүүдийн нэг гэнэн цагаахан Невилл Лонгботтомын дүрд Рори Уилмот гэх жүжигчин хүү сонгогджээ. Харри поттер цуврал түүний анхны дэлгэцийн бүтээл биш бөгөөд тэрээр “Out of the Dust” цувралд “Anthony” гэх хүүгийн дүрд тоглож байжээ.
Грипхуук (Ли Гилл)

“Joker”, “Joker: Folie à Deux”, “Fantastic Beasts” зэрэг кинонд дүр бүтээж олонд танигдаж байсан жүжигчин Ли Гилл, Харри Поттер цувралын гоблин банкны ажилтан Грипхуукын дүрийг бүтээх болсныг HBO-оос зарлалаа.
Дадли Дурсли (Эймос Китсон)

Харригийн үеэл дээрэлхүү Дадли Дурслигийн дүрд Эймос Китсон гэх Англи жүжигчин хүү сонгогдсон байна. Харри Поттер цуврал түүний анхны дэлгэцийн бүтээл болж байгаа аж.
Шеймус Финниган (Лео Эрли)

Харри Поттер цувралын чимэг болсон дүрүүдийн нэг бол Шеймус Финниган. Бага зэрэг бүтэлгүй зангаараа үзэгч биднийг үргэлж хөгжөөдөг түүний дүрд Лео Эрли гэх Ирланд жүжигчин хүү тоглохоор болжээ.