Английн Ливерпүүл хотноо 9-р сарын 4-14-ний өдрүүдээр болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 орны 540 тулаанч хүч сорьж байна. Энэ наадамд “Парис-2024” олимпын наадмаас медаль атгасан 17 боксчин тулалдсан юм.
Харин Монголын 10 тулаанч рингэнээ өрсөлдснөөс гурав нь дэлхийн медальт тамирчин билээ.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-ын жинд тулалдах ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр 9-р сарын 9-ний өдөр шигшээ 16-д Туркийн тамирчин, 2022 оны дэлхийн аварга Айше Чагыриртэй тулалдана.
51 кг-д хүч сорьж байгаа Б.Мөнгөнсаран, Украины Ярослава Марынчукийг 5:0-ээр буулгаж авав. Түүний дараагийн өрсөлдөгчөөр Мексикийн Эсмеральда Патино тодорсон.
54 кг-д Азийн наадмын хүрэл медальт О.Есүгэн оролцож, эхний тойрогт гоц мөргөөд байна. О.Есүгэн 9-р сарын 8-нд Тайванийн Хуан Сяо-Вэнтэй тулалдана.
Хуан Сяо-Вэний тухайд, дэлхийн хошой аварга, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт тамирчин агаад “Ханжоу-2022” Азийн наадмын үеэр манай тулаанч М.Энхжаргалыг ялж байсан.
57 кг-ын жинд тоглосон ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал, Австрийн Жули Рамаданыг 4:1-ээр хожиж, Колумбын Валерия Арболедад 4:1-ээр ялагдсанаар ДАШТ-ийг шигшээ 16-гийн шатнаас өндөрлүүллээ.
60 кг-д оролцсон ДАШТ-ий V байрын шагналт М.Намуун эхний тулаандаа Хятадын боксчин, 2023 оны дэлхийн аварга Янь Ченгүд 5:0-ээр хожигдов.
Эрэгтэйчүүдийн:
50 кг-ын жинд өрсөлдөх А.Баттулга эхний шатыг гоц мөргөлөө. Тэрбээр 9-р сарын 9-нд Өмнөд Солонгосын Ён Таэ-Геүнтэй хүч сорино.
55 кг-д тулалдаж буй Х.Билгүүнсайхан мөн л эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар эхний тулаандаа “Парис-2024” олимпод оролцоод амжсан Шведийн Небил Ибрахимыг 2-р үед хүч техникийн давуугаар буулгаж авсан юм. Х.Билгүүнсайхан шигшээ 16-д мөн өнгөрсөн оны олимпод тулалдсан, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Нижат Хусейновтой оноолт таараад байна.
60 кг-д хүч сорьж байгаа Г.Лундаа тэгшитгэлийн шатыг алгасаж, Гүржийн Артюш Гомцяныг 5:0-ээр хожин, шигшээ 16-д хүрлээ. Өнөөдөр тэрбээр Канадын Кеома Али Аль-Ахмадиетэй тулалдана.
65 кг-ын жинд оролцсон ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт тэгшитгэлийн шатыг даваад Ираны Али Хабиб Наждад 5:0-ээр хожигдов.
70 кг-д тулалдаж буй О.Бямба-Эрдэнэ, эхний тойрогт гоц мөргөж, Литвийн Александр Трофимчукийг 5:0-ээр ялаад шигшээ 16-д шалгарлаа. Түүний хувьд, 9-р сарын 8-нд Туркийн Некат Экинчитэй хүч сорино.