2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Литв болон Нидерландын багууд оноолт таарч, Нидерландын шигшээ 3:2-оор хожсон.
Ням гарагт явагдсан энэ тоглолтын үеэр Мемфис Депай дубль толилуулж, Нидерландын бүх цаг үеийн мэргэн бууч боллоо.
Тэрбээр Робин ван Персигийн шигшээ багийнхаа өмнөөс 50 гоол оруулсан амжилтыг 52 болгож ахиулав.
Улбар шарууд Литвийн багийг буулгаж авснаар, ДАШТ-ий Европын бүс дэх урьдчилсан шатны “G” хэсгийг 4 тойргийн дараа Польшийн адил 10 оноотой, тэгэхдээ гоолын зөрүүгээр тэргүүлж байна. Тэд 10, 11-р саруудад ахин дөрвөн удаа тоглох юм.
Сонирхуулахад, Нидерландын шигшээ багт хамгийн олон гоолыг оруулсан тоглогчдын жагсаалтад Ван Перси, Депай нарын ард Клаас-Ян Хунтелаар (42), Патрик Клюйверт (40), Деннис Бергкамп (37), Арьен Роббен (37) нар бичигддэг.
Ван Перси шигшээгийнхээ өмнөөс 102 тоглолтод 50 гоол оруулсан бол Депай 104 тоглолтод 52 гоолыг бүртгүүлээд байна.
Депай өдгөө Бразилийн “Коринтианс” клубт тоглож байгаа билээ.
