Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БХЯ-ны сайд Себастьен Лекорнюг шинэ Ерөнхий сайдаар томиллоо. Лекорню бол дөнгөж 39 настай залуу, амбиц өндөртэй, Ерөнхийлөгч Макронд үнэнч улс төрч. Тэрээр ердөө 16 настайдаа улс төрд орсон. “Ардын хөдөлгөөний төлөөх холбоо" намын идэвхтэн болж, шат болгоны сонгуульд оролцож иржээ. Пантеон-Ассасын их сургуульд хууль зүйн бакалавр, дараа нь хуулийн магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Францын Үндэсний Ассамблейн гишүүн Франк Жиларын туслах болж, 2009-2012 онд Төрийн нарийн бичгийн дарга, дараа нь ХАА-н сайд болсон Брюно Ле Марын зөвлөхөөр ажиллаж байжээ. Энд сурсан бүхэн нь түүнд Вернон хотын даргын сонгуульд 28 настайдаа ялахад нь тус болсон юм. Себастьен Лекорню 2017 онд Францын улс төрийн байдлыг тун соргог мэдэрч, “Сэргэн мандалт” намд элсжээ.
Ерөнхийлөгч Макрон түүний удирдах чадвар, хөрвөх чадварыг өндөр үнэлдэг. Лекорню бол жинхэнэ универсал цэрэг буюу хаана ч амьд үлдэж чадах улс төрч. Макрон түүнийг хамгийн хэцүү салбартаа илгээдэг. Лекорню Шинэ Каледон мужийн тусгаар тогтнох санал асуулгыг зохион байгуулсан. Дайн эхэлснээс хойш Франц улс Украинд алсын тусгалын SCALP, өөрөө явагч CAESAR нийлүүлсэн нь Лекорнюгийн идэвх, санаачилгын үр дүн байлаа.
Макроны засаглал урт хугацаагаар оршин тогтносоор байгаагийн бэлгэ тэмдэг нь Лекорню гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд Эдуар Филиппээс Франсуа Байру хүртэл зургаан Ерөнхий сайд солигдож, засгийн газар огцорч байсан ч Лекорню суудалдаа суусаар байлаа. Тэр өчигдөр ногоон, эко бодлого хариуцсан сайд байсан бол маргааш нь л хилийн маргаан, будлианыг зохицуулах Францын далайн чанд дахь газар нутгийн сайд болоод явж байлаа. Лекорню бол жирийн нэг улс төрч, түшмэл биш юу ч хийж, зохицуулж чадах хүн. Европ тив дайны галд нэрвэгдэх аюул нөмөрсөн 2022 онд цэргийн хүн биш ч түүнийг л Батлан хамгаалах яамны сайдаар томилсон. Тэр бол экологич, хотын дарга, цэргийн хүний хэлээр ярьж, хэлэлцэж чадна.
Энэ бүх чадвар нь эгзэгтэй энэ хүнд үед түүнд Ерөнхий сайдын албан тушаал авчирлаа.