Үгээр хүнийг алж болно гэж ярьдаг. Энэ бол үнэн. Эмэгтэйчүүдийн хэлсэн зарим үгийг эрчүүд тоглоом, шоглоом болгон өнгөрөөж болох ч үнэндээ зүрхэнд нь гүн шарх үлдээсэн байдаг. Тэрхүү гомдмоор үгээ олон хэлэх тусам хайр сэтгэл төдий чинээ унтран оддог байна. Ингээд эрчүүдийн сонсох дургүй эмэгтэйчүүдийн найман үгийг танилцуулж байна.
“Эр хүн шиг бай л даа”
Бага байхад энэ үгийг сонсоод хөвгүүд хичээж зүтгэдэг, тэсдэг байлаа. Харин насанд хүрсэн эр хүн хамтрагч түнш болохыг хүсдэг болохоос хэн нэгний цэрэг байхыг боддоггүй. Эр хүн шиг бай гэдэг үг “Би болоогүй байна даа” гэсэн утгаар маш их дарамт болон буудаг гэдгийг санаарай.
“Чи яг л хүүхэд шиг байх юм”
Насанд хүрсэн эрчүүд заримдаа хүүхэд насандаа эргэн очих нь бий. Гэхдээ тэднийг шууд хүүхэдтэй харьцуулах нь доромжилж, доош хийж байгаа хэрэг юм.

“Чи хэзээ ч хийхгүй л дээ”
Хэзээ ч, үргэлж гэх мэт үгс шүүхийн ял мэт сонсогдож, сэтгэлд маш том сэв суулгадаг. Хичээлээ гээд хэн ч үнэлэхгүй байгаа юм бол хийгээд яах вэ гэсэн сэтгэгдэл эрчүүдэд төрүүлдэг.
“Чи хичээхгүй байна”, “Цалин бага, царай муу”
Үнэхээр хичээдэггүй, залхуу нөхөр байсан ч энэ үг хүнд цохилт болон тусна. Эрчүүд энэ үгийг шүүмжлэл биш шүүхийн ял мэт хүлээн авна. Санхүүгийн байдлаа сайжруулъя гэсэн хүсэл төрүүлэхгүй.
“Чи ойлгохгүй”
Энэ үг хосуудын дунд хана босгож, харилцан итгэлцлийг нураадаг. Үнэхээр тэр залуу юм ойлгохгүй байж болно. Гэхдээ түүнд боломж олгооч. Эрчүүд өөрсдийг нь үнэлж, цэгнэж байгааг мэдрэх дуртай.
“Хүссэнээрээ хий”
Нэг талаас сонголт олгож буй эрх чөлөө мэт сонсогдов ч сайн ухаад үзвээс “хүссэнээрээ хийгээд үзээрэй чи” гэсэн заналхийлэл энэ үгэнд агуулагдаж байна. Ингээд эрчүүд түүнийг яг юу хүсээд байгааг таах хэрэгтэй болно.

“Чи яагаад тэр шиг байж болдоггүй юм бэ”
Хэн нэгэнтэй харьцуулах нь эрчүүдийн өөртөө итгэх итгэлийг бүр мөсөн алга болгодог. Энэ үгийг сонссон эр хүн хичээж зүтгэх биш харин ч доромжлогдсон мэт сэтгэлд автана. Тэр улам хаалттай болж, холдоно.
“Би бүгдийг өөрөө хийчихье”
Энэ үгний утгыг ухаад үзвэл “Чи туслагч болж чадахгүй байна. Чамд найдах аргагүй юм” гэсэн утгатай. Эрчүүд өөрсдөөс нь юу ч хүлээхгүй, найдахгүй байгааг мэдрэхээрээ ихэд гутардаг.