Английн “Лейстер Сити” клубийн домогт хөлбөмбөгчин Жэйми Варди Италийн “Кремонезе” багт нэгдэж, замналынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлэхээр зэхэж байна.
“Лейстер” түүнийг 13 жилийн өмнө ердөө 1 сая фунтээр эгнээндээ нэгтгэж байв. Мэдээж тэр цагт ханш нимгэн байсан, гэхдээ л Варди үнэлгээнээсээ хэдэн мянга дахин илүү үнэ цэнийг бүтээсэн хөлбөмбөгчин юм.
Ганцхан жишээ дурдахад, хэний ч санаанд багтаагүй “Лейстер Сити” дэлхийн хамгийн хүчирхэг лигийн тэмцээн болох Премьер лигт түрүүлэхэд Вардигийн гялалзсан тоглолтууд, оруулсан гоолууд ихээхэн тус болсон. Тийм ч учраас түүнийг тухайн улирлын Премьер лигийн шилдэг тоглогчоор тодруулсан юм. Хожмоо тэр Премьер лигийн мэргэн буучийн шагналыг ч мөн гардсан.
Өдгөө 38 настай Варди “Лейстер”-т 13 жил хүчин зүтгэхдээ 500 тоглолтод 200 гоол оруулсан юм.
Түүний шинэхэн баг “Кремонезе” нь энэ улирлаас Серие А лигт дэвшсэн билээ.
Варди Итали дахь анхны тоглолтынхоо өмнө “Миний л хувьд нас бол ердөө тоо. Хөл маань урьдынхаараа хүчтэй цохиж чадна, би одоо ч гэсэн замналаа шинэхэн юм шигээр мэдэрдэг. Өдгөө надад хүч, тамир саарсан мэт огтхон ч санагддаггүй. Би итали хэл сурах болно. Шинэ сорилт гэдэг надад асуудал биш. Хөлбөмбөг ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц хэлтэй шүү дээ. Яг л бусад спортоос ялгарах онцгой бөмбөгтэй байдгийн адил. Бидний энэ улирал дахь гол зорилго маань Серие А лигт тэсэж үлдэх явдал юм. Би “Лейстер”-т байхдаа ч ийм л нөхцөл байдлыг туулж байлаа” гэв.
“Кремонезе” багийнхан энэ улирлыг онцгой сайн эхлүүлж, “АС Милан”-ыг 2:1-ээр, “Сассуоло”-г 3:2-оор хожоод байна.
