UBLife Logo
Спорт

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм#2

Хөнгөний ДАШТ-ий “хөнгөн бус” тойм#2

"Токио-2025" хөнгөн атлетикийн ДАШТ-ий хоёр дахь өдөр. Бидний хувьд онцгой өдөр. Учир манай хоёр бүсгүй эмэгтэйчүүдийн марафонд уралдсан. Г.Хишигсайхан 25, Б.Мөнхзаяа маань 45-д орсон. Энэ тухай өмнө нь мэдээлсэн болохоор дахин нуршаад яахав.

Энэ өдөр дэлхий даяараа бас Токио руу хараа билчээж, чих тавьсан. Учир нь дэлхийн "Их хурд" болсон юм. 100 метрийн уралдааныг хэлж байна л даа.

Эмэгтэйчүүдийн 100 метрийн шигшээд аргагүй л шигшмэл найм үлджээ.

Домогт Шелли Энн Фрэйзер-Прайс 38 настайдаа ойрын зайн дэлхийн шигшээд шалгарсанд нь том хүндлэл оногдоно. 2008 онд анхны олимпийн алтаа зүүж, 2009 онд дэлхийн аварга болж байсан хүн шүү дээ, ямайка бүсгүй маань. Олимпийн 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий 10 алт, 5 мөнгө, 1 хүрэл медальтай энэ аугаа " амьтныг" олимп, дэлхийд түрүүлэхийг дэргэдээс нь харж байлаа.

Код д Ивуарын Мари Жозе Та Лу Смит бас байна. Ойрын зайд олон жил уралдаж буй, тогтмол медальт байрт ордог бас л айхтар даа.

Их Британий Дина Эшер-Смит бол 4х100м буухиад олимпийн алт, мөнгө, хүрэлтэй, 200м-ийн дэлхийн аварга, 100 м, 200м, 4х100м -т ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэлтэй, Европод бол тордоггүй гүйгч.

За тэгээд өмнөх 100 метрийн өмнөх дэлхийн аварга, "Парис-2024" олимпийн мөнгөн медальт, Ша Кэрри Ричардсон.

Уралдааны замаас илүүтэй урт хумс, элдэв ааш, хэл амаараа илүү " амжилт" олж буй америк бүсгүй энэ удаа "урилгаар" (дэлхийн аварга цолыг эзэмшиж буй тамирчин entry standarts болон чансаагаар болзол биелүүлээгүй байсан ч ДАШТ-д оролцох эрхтэй байдаг) оролцож буй, форм муу байгаа.

Ямайкийн бас нэг супер од Шерика Жэксон. Олимп, дэлхийн олон олон медальтай. Яг 100м-т бол олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөтэй.

Сент Лусиа улсын хамгийн алдартай хүн Жюльен Альфред. "Парис-2024" олимпийн 100 метрийн аварга, 200 м-ийн мөнгөн медальтай. Сент Лусиа улсад жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд олимпийн анхнб медальт, анхны аварга Жюльен Альфредийн өдөр болгож, улс даяар амардаг болсон гэж байгаа.

Алтын төлөө түүнтэй гол өрсөлдөх хүн нь АНУ-ын Мелисса Жефферсон-Вуден. Парисын олимпийн 100м хүрэлтэй, энэ жил 10,65 гүйж, бүх цаг үеийн тав дахь шилдэг амжилтыг үзүүлсэн, уяа сойлго нь таарсан, ид торгон ирэн дээрээ байгаа гүйгч.

Эдгээр "луухгар"-уудын дунд Ямайкийн 21 настай Тина Клэйтон.  Залуучуудын ДАШТ-ий 100 м-т хошой алт авсан ч "томчуудын" тэмцээнд бол "шинэ цэрэг".

Ийм л гараа гарлаа , эмэгтэй 100 метрийн финалд. Гал, гал.

 Энэ жил 100 метрт урдаа  "улаан, хар, шар, цагаан хөл" гаргаж үзээгүй Мелисса Токиогийн чийглэг бүгчим агаарт торолгүй 10.61 сек. амжилт үзүүлж, Дэлхийн аварга боллоо.

Түүхэнд шилдэг дөрөв дэх үзүүлэлт, арын хүнээсээ хамгийн "зайтай" ( 0.15) түрүүлсэн, ДАШТ-ий түүхэнд. Бас ДАШТ-ий рекордыг ( Дэлхийн рекорд биш шүү!) шинэчлэв. Ямайкийн залуу од Тина Клэйтон 10.76 гүйж мөнгөн медаль авч, харин олимпийн аварга Жюльен Альфред 10.84 амжилтаар хүрэл дээр буулаа.

Эрэгтэй 100м. Дэлхийн хамгийн хурдан хүн хэн бэ?

"Цахилгаан" Усайн Болтоос хойш (2016) Ямайка гүйгч дахин энэ цолыг эзэмших боломж энэ ДАШТ-д гарсан.

Өмнөх дэлхийн аварга Америкийн "далжигнуур" Лайлз энэ жил тийм ч сайн биш байгаа бол Ямайкийн хоёр ч спринтер, тухайлбал Кишэйн Томпсон, Облике Севилле нар улирлын шилдэг амжилтыг (9.75 болон 9.77) үзүүлсэн, "давхар уяатай" гэсэн үг. АНУ-ын бас нэг ойрын зайн гүйгч Беднарик Томпсонтой алтын төлөө гол өрсөлдөөн үзүүлнэ гэж тооцогдож байв, тэмцээний өмнө.

Финал, бүүр 100 метрийн финал.

Цэнгэлдэхэд ялаа ниссэн ч сонсогдохоор , бүх хүн амьсгаа дараан нам гүм болон хүлээдэг тэр л мөч эхэллээ.

Парисын олимпийн 200 метрийн аварга, 2023 оны ДАШТ-ий 100 м-ийн мөнгөн медальт Ботсваны Лециле Тебого " false start"-аар хасагдчихав. Ингээд долоон эр гараанаас гарлаа.

Америк, Ямайка "дуэль" л гэсэн үг.

Улирлын турш шилдэг байсан Кишэйн Томпсон байдаггүй дээ, урдаа нутгийн залуу Севиллег гаргачихлаа. 24 настай Севилле домогт Усайн Болтын нүдэн дээр хувийн шилдэг амжилтаа (9.77 сек) үзүүлж, Дэлхийн аварга болж, "Дэлхийн хамгийн хурдан хүн" алдрыг арлын Ямайкадаа 9 жилийн дараа дахин авчирлаа.

Томпсон 9.82 гүйж мөнгөн медаль зүүсэн бол Лайлз энэ улирлын шилдэг амжилтаа (9.89) үзүүлж хүрэл медаль авлаа. Өнөөх Беднарек медалиас мултрав.

Эрэгтэй 10,000 метрт ёстой сенсаац. Энэ зайд кени, этиоф, уганда гээд африк гүйгчид хамаг медалийг хамдаг. Тэгсэн чинь энэ удаа Францын Жимми Грессье гэдэг залуу тактикийн гайхамшиг үзүүлэн дэлхийн аварга боллоо, гайхалтай гэхээс өөр юу гэхэв.

Тэгтэл энэ зайд хүрлийг Шведийн Андреас Альмгрен хүртэж бас л шок. Африкчуудын, Этиопийн нэр төрийг энэ зайд дэлхийгээс хоёр дахь мөнгөн медалиа  хүртсэн Йомиф Кежелча (2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт) л аварлаа даа.

Барега, Челимо нарын шилдгүүд "айргийн тавд" ч багтсангүй.

Эмэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөлд олимпийн хошой аварга АНУ-ын Валари Оллман 69.48 м шидэж, дэлхийгээс анхны алтаа авлаа. Өмнөх хоёр ДАШТ-ээс хүрэл, мөнгө аваад байсан юм.

Олимпийн хамгийн эртний төрлийн нэг зээрэнцэгт Валари Оллманы биеийн галбир ёстой л баримал шиг төгс зохицсон тамирчин даа. 29 тэмцээн дараалан ялалт байгуулж байгаа нь энэ Валари. Тасарчихсан л даа, энэ төрөлдөө.

Эмэгтэйчүүдийн уртын харайлтад "Парис-2024" олимпийн аварга АНУ-ын Тара Дэвис Вудхолл 7.13 м харайж алтан медаль хүртлээ.

Дэлхийн рекорд нь 7.52 м, ДАШТ-ий рекорд 7.36 м байдаг, дэлхийн рекордыг 1988 онд ЗХУ-ын Галина Чистякова, ДАШТ-ий рекордыг 1987 онд АНУ-ын алдарт Жэки Жойнер-Керси тогтоож байв.

Мөнгөн медалийг Токиогийн олимпийн аварга, Парисын олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга танзани аав, герман ээжтэй Германы харайгч Малайка Михамбо 6.99 м амжилтаар, хүрэл медалийг Колумбын Наталья Линарес 6.92м харайж хүртлээ.

Эхний хоёр өдрийн байдлаар АНУ-ын баг тамирчид 5 алт, нэг хүрэл, Кени 2 алт, Ямайка 1 алт, 2 мөнгөн медальтай тэргүүлж явна, ДАШТ-д оролцож буй 198 орныг.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.