Аваргуудын лигийн хоёрдугаар тойрогт оноолт таарсан “Кайрат Алматы” болон “Реал Мадрид” багуудын тоглолт 5:0 харьцаатай талбайн зочдын ялалтаар өндөрлөв.
Мягмар гарагт Казахстан улсад өрнөсөн энэхүү тоглолтын үеэр Килиан Мбаппе гурван гоол оруулж гялалзсан.
Тэрбээр Аваргуудын лигт 60 гоолын босгыг давснаар “Байерн Мюнхен”-ий хуучин довтлогч Томас Мюллерийг гүйцэж, мөнхүү тэмцээний бүх цаг үеийн зургаа дахь мэргэн бууч боллоо.
Түүнчлэн Мбаппегийн хувьд, есдүгээр сард шигшээ баг болон клубийнхээ төлөө найман тоглолтод оролцохдоо бүгдэд нь гоолдов. Эдгээр тоглолтын үеэр тэр 11 гоолыг бүртгүүлээд байна.
Харин энэ улиралд “Реал Мадрид”-ын өмнөөс 9 удаа тоглохдоо 13 гоол оруулж, нэг гоолын дамжуулалтыг дархалсан юм.
