Японы сагсан бөмбөгийн B.League лигийн “Aomori Wat's” багтай гэрээгээ есдүгээр сарын 30-нд цуцалсан холбон тоглогч Игари Ватарү “Хасын хүлгүүд” багт нэгдэж, эхний тоглолтдоо оролцоод байгаа билээ.
Игари бол Фүкүока мужийн уугуул. 29 настай. 168 см өндөр, 65 кг жинтэй. Тэрээр багийнхаа хөгжөөн дэмжигчдэд хандан “Гэнэтийн мэдэгдэл хийж байгааг минь уучлаарай. “Aomori Wat's” багтай гэрээгээ цуцалж, гадаадын багт хүчин зүтгэх боллоо. Өөрийн нас, замнал, 168 см гэсэн өндрөө бодитоор бодож үзээд “Энэ бол миний сүүлийн сорилт. Хүлээн авъя” гэж шийдлээ” хэмээн мэдэгдсэн юм.

Харин багийн ерөнхий менежер Нориюүки Китая “Гадаадын багт очих хүсэлтэй байна гээд ирэхэд нь маш удаан эргэлзсэн. Сүүлийн сорилт гэж ярихыг нь сонсоод Игари эргэлзээгүй шийджээ гэж ойлгоод зөвшөөрсөн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Игари Ватарү бол энэ жил Монголын Дээд лигт хүч сорих хоёр дахь япон тоглогч болж байна. Түүнээс өмнө “Сэндай 89ER” багийн Масахарү Катаока “Дархан Юнайтед” багтай гэрээ байгуулсан билээ.