UBLife Logo
Технологи
Эрдэмтэд амьд эсээр ажилладаг компьютер бүтээхээр ажиллаж байна

Эрдэмтэд амьд эсээр ажилладаг компьютер бүтээхээр ажиллаж байна

Амьд эсээр ажилладаг “амьд компьютер” уран зөгнөлт кинонд л гардаг байсан бол бодит амьдралд улам бүр ойртож байна. Энэ бол “биокомпьютер” хэмээх шинжлэх ухааны шинэ салбар юм. 

Швейцарын ‘’Final Spark’’ лабораторийн судлаачид хиймэл оюуны суралцах зарчимтай адил байдлаар ажиллах, эрчим хүчний хэрэглээ багатай “амьд” компьютерийг бий болгохоор ажиллаж байна. Бидний хэрэглэж заншсан компьютер “hardware’’ ба ‘’software’’-ээс бүрддэг бол биокомпьютерийн салбарын судлаачид өөрсдийнхөө бүтээж буй зүйлийг ‘’wetware’’ гэж нэрийдэж байна. Энэ нь амьд эсийг ашиглан тооцоолол, санах ой бий болгох аргачлал юм. Ингэхдээ, судлаачид хүний эсээс үүдэл эс гарган авч, мэдрэлийн эс болгон хөгжүүлж, дараа нь тэдгээрийг органоид буюу эсийн бөөгнөрөл болгон ургуулах аж. Органоидыг электродод холбосноор мэдээлэл дамжуулах ба хүлээн авах боломжтой бичил компьютрийн суурь бүрэлддэг байна. Үүүдэл эс органоид болж өсөх хүртэл маш олон сарын хугацаа шаарддаг бөгөөд бэлэн болсон органоид цахилгаан өдөөлтөд хариу үзүүлэх чадвартай болдог. 

Органоидуудад цахилгаан өдөөлт өгөх туршилт нь тэднийг суралцуулах эхний алхам байдаг ажээ. Энгийнээр тайлбарлавал, органоидыг оролт, гаралтын дагуу дасан зохицож, зөв хариу үйлдэл үзүүлэхэд сургахын тулд энгийн өдөөлтүүдэд хариу үйлдэл үзүүлэх чадвар хэрэгтэй.

Тэд уг судалгаандаа хүний арьсны эсээс гаргаж авсан үүдэл эсийг ашигладаг бөгөөд түүнийгээ Японы нэгэн клиникээс татдаг. Хачирхалтай нь, тэдний судалгаанд өөрийнхөө эсийг сайн дураараа хандивлах хүсэлтэй олон хүн байдаг байна.  

’’Final Spark” лабораторийн доктор Фред Жордан BBC News-д өгсөн ярилцлагадаа “Бидэнд олон хүн эсээ хандивлах санал тавьдаг. Гэхдээ бид зөвхөн албан ёсны нийлүүлэгчид маань байгаа эсүүд дундаас шилж сонгодог, учир нь эсийн чанар судалгаанд чухал нөлөөтэй. Яагаад гэвэл, тэр эсээс үүсгэсэн органоидыг машин шиг ашиглах тул багахан л асуудалтай эс байвал судалгааны үйл явцад учруулах хор хөнөөл ихтэй. Биокомпьютер бол хөгжлийнхөө дөнгөж эхний шатанд явж буй шинэхэн салбар тул цаг хугацаа их шаардагдана. Би үргэлж шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд дуртай байсан. Өмнө нь тэр кинон дээр гардаг зүйлс бодит амьдралд хэзээ ч болохгүй гэж боддог байлаа. Харин одооо би яг тэр киноны дотор, бүр өөрөө гол дүр нь мэтээр мэдэрдэг” гэжээ. 

Энгийн компьютерийг ажиллуулахад тог цахилгаан байхад л хангалттай байдаг бол биокомпьютерт амьдрах нөхцөл зайлшгүй шаардлагатай. ‘’Final Spark’’ лаборатори сүүлийн жилүүдэд ахиц гаргаж, органоидуудыг дөрвөн сар хүртэлх хугацаанд амьд байлгаж чаддаг болсон байна. 

Биокомпьютер бол уран зөгнөлт киноноос л харж болох зүйлс бодит амьдралд биеллээ олоход улам ойртож буйн баталгаа. Амьд эсээр ажилладаг энэхүү “амьд” компьютерууд ирээдүйд хиймэл оюуныг байгаль орчинд хор хөнөөл багатай, эрчим хүчний хэмнэлттэйгээр хөгжүүлэх гарц болж мэднэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.