UBLife Logo
Технологи
‘’Google’’ компани Энэтхэг улсад 15 тэрбум ам.долларын хиймэл оюуны дата төв байгуулна

‘’Google’’ компани Энэтхэг улсад 15 тэрбум ам.долларын хиймэл оюуны дата төв байгуулна

Америкийн технологийн аварга ‘’Google’’ компани Энэтхэг улсад хамгийн том хөрөнгө оруулалтаа хийх гэж байна. Тус компани ойрын таван жилийн хугацаанд 15 ам.доллар зарцуулан хиймэл оюуны дата төв байгуулах болсноо өнөөдөр мэдэгдлээ. 

‘’Google Cloud’’-ын гүйцэтгэх захирал Томас Куриан Дели хотод болсон арга хэмжээний үеэр “Энэ бол АНУ-аас өөр улсад бидний байгуулж буй хамгийн том хэмжээний хиймэл оюуны дата төв байх болно. Таван жилийн хугацаанд бид томоохон хөрөнгө оруулалтаар дамжуулан маш том бүтээн байгуулалт хийнэ” хэмээн онцолсон байна. 

Тус дата төв нь Андра Прадеш мужийн боомт хот Висакапатнамд сүндэрлэх бөгөөд энэ бүтээн байгуулалтын ачаар 188,000 гаруй ажлын байр бий болох тооцоотой байгааг мужийн удирдлага мэдэгджээ. Мөн Microsoft, Amazon зэрэг томоохон компаниуд ч Энэтхэгт аль хэдийн хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дата төвийн сүлжээ байгуулж эхэлжээ. Үүнээс гадна Энэтхэгийн тэрбумтнууд болох Гаутам Адани, Мукеш Амбани нар ч хиймэл оюуны дата төвийн салбарт хүч үзэж байгаа юм.

‘’Google’’ энэ жил нийт 85 тэрбум ам.долларыг дата төвийн дэд бүтцийг сайжруулах, байгуулахад зарцуулахаар төлөвлөж байгаа нь дэлхий даяар хиймэл оюуны эрэлт өсөж буйтай уялдаж буй алхам юм. Хиймэл оюуны салбарт асар их тооцооллын нөөц бололцоо шаарддаг тул үүнийг хангахын тулд асар олон тооны чипийг сүлжээнд холбосон тусгай дата сан бүхий төвүүд хэрэгтэй болдог.

Google-ийн эх компани Alphabet Inc Энэтхэгийг гол өсөлтийн зах зээлээ гэж үздэг. Тус улсын ихэнх ухаалаг гар утас Android системтэй бөгөөд YouTube хэрэглэгчийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Энэхүү 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь зөвхөн Google-ийн хувьд төдийгүй Энэтхэг улсын хувьд ч хиймэл оюун ухааны эрин үеийг угтан авах томоохон алхам гэж шинжээчид үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.